Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 22:14-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Цаг болоход Тэр тухлан суулаа. Элч нар Түүнтэй хамт байв.

15. Есүс тэдэнд—Би зовохоосоо өмнө энэхүү Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ.

16. Би та нарт хэлье. Энэ нь Бурханы хаанчлалд биелэгдтэл Би хэзээ ч дахиж зоог барихгүй гээд,

17. Тэр аягыг авч, талархал өргөөд—Үүнийг авч, дундаа хүртэцгээ.

18. Учир нь Би та нарт хэлье. Үүнээс хойш Бурханы хаанчлал иртэл усан үзмийн дарснаас Би амсахгүй гэв.

19. Тэр талх авч, талархал өргөөд, тэдэнд хуваан өгөхдөө—Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав.

20. Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч,—Энэ нь та нарын төлөө асгагдах Миний цусаар тогтоох шинэ гэрээ юм.

21. Харин үзэгтүн, Надаас урвагч нэгний гар Миний хамт ширээн дээр байна.

22. Учир нь үнэхээр Хүний Хүү оногдсоноороо явж байна. Харин Түүнээс урвагч хүн золгүй еэ! гэв.

23. Тэд өөр хоорондоо—Бидний хэн нь тийм зүйл хийх юм бол? хэмээн ярилцаж эхлэв.

24. Тэрчлэн тэдний дунд хэн нь хамгийн агуу нь байх талаар ч маргаан дэгджээ.

25. Тэр тэдэнд—Харь үндэстнүүдийн хаад ард олноо ноёрхдог бөгөөд эрх баригчид нь “Буянтнууд” хэмээгддэг.

26. Харин та нар тийм байж болохгүй. Та нарын дотроос хамгийн агуу нь хамгийн өчүүхэн нь мэт болог, удирдагч нь зарц мэт байг.

27. Ширээнд тухлагч, үйлчлэгч хоёрын хэн нь агуу вэ? Ширээнд тухлагч нь биш гэж үү? Харин Би та нарын дунд үйлчлэгч мэт байдаг.

28. Намайг сорилтод байх үед Миний хажууд зогсож байсан нь та нар мөн.

29. Миний Эцэг Надад хаанчлалыг өгсөнчлөн, Би та нарт өгнө.

бүрэн бүлгийг уншина уу Лук 22