Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 22:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дээгүүр Өнгөрөх хэмээдэг Исгээгүй Талхны Баяр ойртож байлаа.

2. Ахлах тахилч нар болон хуулийн багш нар Түүнийг хэрхэн хөнөөх аргаа хайж байв. Учир нь тэд олон түмнээс айж байжээ.

3. Арван хоёрын нэг болох Искариот гэгддэг Иудаст Сатан шүглэв.

4. Тэр явж, Есүсийг яаж бариулах талаар ахлах тахилч нар болоод түшмэдтэй зөвлөлдөв.

5. Тэд баярлаж, түүнд мөнгө өгөхөөр тохиролцжээ.

6. Иудас ч санаа нийлж, Түүнийг тэдэнд хурсан олноос зайдуухан барьж өгөх аятай завшааныг эрэлхийлж эхлэв.

7. Дээгүүр Өнгөрөх баярын хургыг нядлах Исгээгүй Талхны Баярын эхний өдөр болов.

8. Есүс Петр, Иохан нарыг илгээн—Явж, бидний зооглох Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг бэлд гэв.

9. Тэд Түүнд—Биднээр хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна вэ? гэхэд

10. Тэр тэдэнд—Харагтун, та нарыг хот уруу ороход, устай ваар барьсан нэгэн хүн та нартай тааралдана. Тэр хүний орох гэр уруу ор.

11. Тэгээд та нар гэрийн эзэнд “Багш, «Би шавь нарынхаа хамт Дээгүүр Өнгөрөх баярын зоог барих тохитой өрөө хаана байна вэ?» гэж танд хэлүүлэв” гэж хэл.

12. Тэр та нарт дээд давхрын тавилгатай том өрөөг үзүүлнэ. Тэнд зоог бэлд гэжээ.

13. Тэд явж, Түүний айлдсаар бүгдийг ёсоор нь биелүүлж, Дээгүүр Өнгөрөх баярт бэлдэв.

бүрэн бүлгийг уншина уу Лук 22