Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 2:8-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Тэр газар хэдэн хоньчид сүргээ манаад шөнө хээр хоноглож байжээ.

9. Гэнэт Эзэний тэнгэр элч тэдний өмнө зогсож, Эзэний цог жавхлан тэдний эргэн тойронд гийсэнд хоньчид үлэмжийн айдаст автжээ.

10. Тэнгэр элч тэдэнд—Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг та нарт авчирлаа.

11. Өнөөдөр Давидын хотод Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.

12. Тэжээлийн тэвшинд байх даавуунд өлгийдсөн нялх хүүхдийг та нар олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно гэлээ.

13. Гэнэт өнөөх тэнгэр элчийн хамт олон тооны тэнгэрлэг дайчид үзэгдэж, Бурханыг магтан,—

14. Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв.

15. Тэнгэр элч нар тэднийг орхин тэнгэр өөд одсонд хоньчид бие биедээ—Одоо шууд Бетлехемд очъё. Эзэний бидэнд мэдүүлсэн зүйл бүтсэнийг үзэцгээе гэлээ.

16. Тэд яаран ирж, Мариа, Иосеф болон тэжээлийн тэвшин дотор хэвтэж буй Хүүг олж очив.

17. Тэд үүнийг хараад мөнөөх Хүүхдийн тухай сонссон үгээ мэдүүллээ.

18. Хоньчдын тэдэнд ярьсан зүйл нь сонссон бүгдийн гайхлыг төрүүлжээ.

бүрэн бүлгийг уншина уу Лук 2