Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 15:17-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Тийнхүү тэр ухааран, “Эцгийн минь хөлсөлсөн хүмүүсийн хичнээн нь ч талхаар элбэг дэлбэг байдаг билээ дээ. Гэтэл би энд өлсөж үхэх нь.

18. Би босоод, эцэг уруугаа очъё. Тэгээд түүнд «Аав аа, би тэнгэрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ.

19. Би цаашид таны хүү гэгдэх нь зохисгүй, харин намайг хөлснийхөө нэг хүн болгооч» гэж хэлье” гэв.

20. Тэгээд тэр босож, эцэг уруугаа явжээ. Харин эцэг нь түүнийг холоос хараад, ихэд өрөвдөн гүйн ирж, тэврээд үнсэв.

21. Хүү нь түүнд “Аав аа, би тэнгэрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ. Би цаашид таны хүү гэгдэх нь зохисгүй” гэв.

22. Харин эцэг нь боолууддаа “Хамгийн сайхан хувцас хурдан авчирч, түүнийг хувцасла. Гарт нь бөгж зүү, хөлд нь гутал өмсгө.

23. Тарган тугал авчирч гарга. Бүгдээрээ найрлаж цэнгэе.

24. Учир нь энэ хүү маань үхсэн байсан юм. Гэвч амилжээ. Тэр алдагдсан ч олдлоо” гэв. Тэд найрлан цэнгэлдэж эхлэв.

25. Ууган хүү нь талбай дээрээ байжээ. Тэр буцаж, гэртээ ойртон ирэхдээ дуу хуур, бүжиглэх чимээг сонсоод,

26. зарц нарынхаа нэгийг дуудаж, юу болоод байгааг асууж шалгаав.

27. Тэр түүнд “Дүү чинь ирсэн. Таны эцэг түүнийг эсэн мэнд эргэж ирсэнд тарган тугал нядлуулав” гэжээ.

28. Харин ууган хүү нь уурлаж, дотогш орохыг хүссэнгүй. Тэгтэл эцэг нь гарч ирээд түүнийг аргадан гуйж эхлэв.

29. Хүү нь түүнд “Хар, олон жилийн турш би танд зарагдаж байна. Би хэзээ ч таны тушаасныг зөрчиж байгаагүй. Гэвч анд нөхөдтэйгөө баярлах үед минь та ганц ишиг ч надад өгч байгаагүй.

30. Харин хөрөнгийг чинь янхнуудтай нийлж цөлмөсөн энэ хүүгээ ирэхэд нь түүнд зориулж тарган тугал нядалж байдаг” гэхэд

31. эцэг нь “Миний хүү, чи үргэлж надтай хамт байсан. Минийх гэсэн бүхэн чинийх шүү дээ.

32. Харин чиний энэ дүү үхсэн байсан. Гэтэл амьдарчээ. Алдагдсан боловч олдлоо. Иймээс бид баярлан цэнгэх ёстой” гэв гэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Лук 15