Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 13:4-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Эсвэл Силоамын цамхаг унахад үхсэн тэдгээр арван найм нь Иерусалимд амьдардаг бүх хүнээс илүү өртөнгүүд байсан гэж та нар бодно уу?

5. Үгүй, Би та нарт хэлье. Хэрэв гэмшихгүй бол та нар бүгд үүний адил мөхнө гэв.

6. Тэр ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав.—Нэгэн хүн усан үзмийн цэцэрлэгтээ инжрийн мод тарьжээ. Өнөөх хүн тэр модноос жимс хайгаад юу ч олсонгүй.

7. Тэгээд цэцэрлэгчид “Хараач, гурван жилийн турш би ирж энэ модноос жимс хайгаад юу ч олсонгүй. Түүнийг огтолж хая! Энэ мод юунд газрыг дэмий эзлэх ёстой гэж?” гэжээ.

8. Цэцэрлэгч түүнд “Эзэнтэн, энэ жилдээ бас азная. Би хөрсийг нь сийрэгжүүлж, бордъё.

9. Хэрэв ирэх жил жимс өгвөл сайн биз, хэрэв үгүй бол огтлоод л хаячихъя” гэв.

10. Есүс Амралтын өдөр нэгэн синагогт сургаал зааж байлаа.

11. Үзэгтүн, сүнснээс болж арван найман жилийн турш өвчтэй байсан нэгэн эмэгтэй тэнд байв. Тэр бөгтөр болсон учир ер цэх зогсож чаддаггүй байжээ.

12. Есүс түүнийг хараад, дуудаж—Эмэгтэй, та өвчнөөсөө чөлөөлөгдлөө гээд

13. түүн дээр мутраа тавихад, даруй тэр дахин цэх болж, Бурханыг алдаршуулж эхлэв.

14. Есүс Амралтын өдөр эдгээсэнд дургүйцсэн синагогийн захирагч хурсан олонд хандаж—Ажил төрлөө амжуулах ёстой зургаан өдөр байдаг. Тиймээс Амралтын өдөр биш, харин тэдгээр өдрүүдэд л ирж эдгээлгэ гэхэд

15. Эзэн түүнд—Хоёр нүүртэнгүүд ээ, та нараас хэн чинь ч Амралтын өдөр үхэр, илжгээ саравчнаас нь гаргаж, услахаар дагуулан явдаггүй гэж үү?

16. Абрахамын охин энэ эмэгтэйг Сатан арван найман жилийн турш хүлээтэй байлгажээ. Тэгвэл энэ эмэгтэй Амралтын өдөр тэрхүү хүлээснээс ангижрах ёсгүй болж байна уу? гэв.

17. Түүнийг ийн айлдсанд эсэргүүцэгчид нь бүгд ичгүүрт оров. Харин олон түмэн Түүгээр хийгдэж буй гайхамшигт бүх үйлсэд баярлацгааж байлаа.

18. Тэгээд Тэр—Бурханы хаанчлал нь юутай адил вэ? Би түүнийг юутай зүйрлэх вэ?

19. Энэ нь гичийн үр мэт юм. Хүн түүнийг авч, цэцэрлэгтээ хаяж орхиход, тэр нь урган, мод болдог. Тэнгэрийн шувууд түүний мөчирт үүрлэдэг билээ гэв.

бүрэн бүлгийг уншина уу Лук 13