Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 13:16-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Абрахамын охин энэ эмэгтэйг Сатан арван найман жилийн турш хүлээтэй байлгажээ. Тэгвэл энэ эмэгтэй Амралтын өдөр тэрхүү хүлээснээс ангижрах ёсгүй болж байна уу? гэв.

17. Түүнийг ийн айлдсанд эсэргүүцэгчид нь бүгд ичгүүрт оров. Харин олон түмэн Түүгээр хийгдэж буй гайхамшигт бүх үйлсэд баярлацгааж байлаа.

18. Тэгээд Тэр—Бурханы хаанчлал нь юутай адил вэ? Би түүнийг юутай зүйрлэх вэ?

19. Энэ нь гичийн үр мэт юм. Хүн түүнийг авч, цэцэрлэгтээ хаяж орхиход, тэр нь урган, мод болдог. Тэнгэрийн шувууд түүний мөчирт үүрлэдэг билээ гэв.

20. Тэр дахин айлдруун—Бурханы хаанчлалыг Би юутай зүйрлэх вэ?

21. Энэ нь хөрөнгө мэт юм. Эмэгтэй түүнийг авч, гурван хэмжүүр гуриланд хийхэд энэ нь бүхэлдээ исдэг юм гэв.

22. Тэр Иерусалим орох замдаа нэг хот, суурингаас нөгөө уруу нь дамжин сургаалаа заасаар явлаа.

23. Хэн нэг нь Түүнээс—Эзэн, аврагдаж байгаа хүмүүс тун цөөхөн байна уу? гэж асуухад

24. Тэр тэдэнд—Нарийн хаалгаар орохыг хичээ. Би та нарт хэлье. Олон хүмүүс орохыг эрэлхийлэвч чадахгүй.

25. Нэгэнтээ өрхийн тэргүүлэгч босож хаалгаа түгжвэл, та нар гадна нь зогсоод, хаалгыг тогшин “Эзэн, бидэнд онгойлгооч” гэхэд чинь Тэр та нарт хариуд нь “Та нар хаанаас ирснийг Би мэдэхгүй” гэнэ.

26. Тэгэхэд нь та нар “Бид Таны өмнө идэж, ууж байсан. Та манай гудамжинд сургаал зааж байсан шүү дээ” гэх болно.

27. Тэр “Би та нарт хэлье. Та нар хаанаас ирснийг Би мэдэхгүй. Бузрыг үйлдэгч та нар бүгд Надаас холд” гэнэ.

28. Бурханы хаанчлалд Абрахам, Исаак, Иаков болон бүх эш үзүүлэгчид байхыг та нар хараад, харин өөрсдөө хөсөр хаягдсандаа уйлж, шүдээ хавирах болно.

бүрэн бүлгийг уншина уу Лук 13