Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 11:20-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Харин хэрвээ Би Бурханы хуруугаар чөтгөрүүдийг зайлуулдаг бол Бурханы хаанчлал та нарт ирчихээд байна.

21. Бүрэн зэвсэглэсэн, хүчтэй эр эдлэн газраа хамгаалбал, өмч хөрөнгө нь амар тайван байна.

22. Харин түүнээс илүү хүчтэй нэг нь ирж, түүнийг довтлон дийлэхдээ, өөрийнхөө найдварыг тавьж байсан бүх зэвсгийг нь түүнээс булаан авч, олзоо тараах болно.

23. Надтай хамт байдаггүй хүн Миний эсрэг байна. Надтай хамт хураалцдаггүй хүн бол тараагч нэгэн мөн.

24. Бузар сүнс хүнээс гарахдаа, усгүй ангамал газраар хэрэн хэсэж амралтыг хайвч, юуг ч эс олох үед “Би хаанаас гарлаа, тэр гэртээ эргэж очъё” гэдэг.

25. Буцаж ирэхэд нь түүнийг шүүрдсэн, цэгцтэй болсныг тэр хардаг.

26. Тэгээд тэр явж, өөрөөсөө дор өөр долоон сүнсний хамт тийшээ орж, тэндээ амьдардаг аж. Өнөөх хүний хувьд сүүлчийнх нь байдал анхныхаасаа бүр дорддог гэж айлдав.

27. Түүнийг эдгээр зүйлсийг айлдаж байхад нь олны дундаас нэгэн эмэгтэй Түүнд—Таныг тээсэн хэвлий, Таныг торниулсан хөх нь ерөөлтэй еэ! гэж чанга дуугаар хэлэв.

28. Харин Тэр—Бурханы үгийг сонсоод сахигчид нь илүү ерөөлтэй еэ! гэжээ.

29. Цугласан хүмүүс улам олон болох үед Тэр—Энэ үеийнхэн бол хорон муу үеийнхэн юм. Тэд тэмдгийг хайдаг боловч, Ионагийн тэмдгээс өөр тэмдэг тэдэнд өгөгдөхгүй.

30. Учир нь Иона ниневечүүдэд тэмдэг болсончлон, Хүний Хүү ч бас энэ үеийнхэнд тэмдэг болно.

31. Шүүлт дээр Өмнөдийн Хатан хаан энэ үеийнхэнтэй хамт босож, тэднийг яллах болно. Учир нь тэр Хатан хаан Соломоны мэргэн ухааныг сонсохоор газрын мухраас ирсэн билээ. Үзэгтүн, энд Соломоноос агуу зүйл байна.

32. Шүүлт дээр Ниневегийн хүмүүс энэ үеийнхэнтэй хамт босож, тэднийг яллах болно. Учир нь тэд Ионагийн тунхаглалд гэмшсэн юм. Үзэгтүн, энд Ионагаас ч агуу зүйл байна.

бүрэн бүлгийг уншина уу Лук 11