Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иуда 1:14-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Адамын долоо дахь үе Енох тэдний тухай мөн эш үзүүлэн, “Харагтун. Эзэн мянга мянган ариун нэгэнтэйгээ ирэв.

15. Энэ нь бүгдийн дээр шүүх ажиллагаа явуулж, бүх бурханлаг бусчуудыг бурханлаг бус замаар үйлдсэн бүх бурханлаг бус үйлсээр нь болон бурханлаг бус нүгэлтнүүдийн Түүний эсрэг ярьсан бүх хатуу үгсээр нь буруутгахын тулд юм” гэжээ.

16. Тэд бол дургүйцэн бувтнагсад бөгөөд өө сэв хайн, хүсэл тачаалын хойноос явдаг юм. Тэдний ам нь бардамнан сайрхаж, ашиг харан бусдыг зусарддаг аж.

17. Хайртууд минь, бидний Эзэн Есүс Христийн элч нараар урьдаас хэлүүлсэн үгсийг та нар санадаг байх ёстой.

18. Юу гэвэл, тэд та нарт “Өөрсдийн бурханлаг бус хүсэл тачаалаа дагадаг элэглэн дооглогчид эцсийн үед гарч ирнэ” гэж хэлж байсан.

19. Энэ хүмүүс хагарал гаргадаг бөгөөд зөвхөн зөнгөөрөө байдаг. Тэдэнд Сүнс алга.

20. Хайртууд минь, харин та нар хамгийн ариун итгэл дээрээ өөрсдийгөө сүндэрлүүлж, Ариун Сүнсээр залбиран

21. мөнх аминд хүргэх бидний Эзэн Есүс Христийн өршөөлийг хүлээн Бурханы хайран дотор өөрсдийгөө сахь.

22. Эргэлзэгсдэд өршөөнгүй байгтун.

23. Бусдыг галаас суга татан гаргаж авар. Махан биеэр бузарлагдсан хувцсыг нь хүртэл жигшин, заримд нь эмээнгүйгээр өршөөнгүй ханд.

24. Та нарыг бүдрэхээс хамгаалж, Өөрийнхөө алдрын оршихуйд үлэмжийн баяр хөөртэйгөөр, гэм зэмгүйгээр зогсоож чадах Түүнд,

25. бидний Аврагч болох цорын ганц Бурханд, бидний Эзэн Есүс Христээр алдар суу, сүр жавхлан, ноёрхол, эрх мэдэл нь бүх цагаас өмнө, эдүгээ болоод мөнхөд байх болтугай. Амен.

бүрэн бүлгийг уншина уу Иуда 1