Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 9:18-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Тэгтэл хараатай болсон хүний эцэг эхийг дуудах хүртэл иудейчүүд түүнд сохор байж байгаад хараатай болсонд нь итгэсэнгүй.

19. Тэд эцэг эхээс нь—Сохор төрсөн гэж та нарын ярьдаг хүү чинь энэ мөн үү? Тэгвэл одоо тэр яаж харж байна? гэж асуув.

20. Эцэг эх нь тэдэнд—Энэ бидний хүү мөн гэдгийг болон сохор төрснийг нь бид мэдэж байна.

21. Харин одоо тэр яаж харж байгааг бид мэдэхгүй. Нүдийг нь хэн нээснийг ч бид мэдэхгүй. Өөрөөс нь асуу. Тэр насанд хүрсэн хүн. Тэр өөрөө хэлэг гэв.

22. Түүний эцэг эх иудейчүүдээс айсан тул тэгж хэлжээ. Учир нь Есүсийг Христ мөн гэж хүлээн зөвшөөрсөн хүн синагогаас хөөгдөх ёстой хэмээн иудейчүүд нэгэнтээ шийдсэн байлаа.

23. Тиймээс түүний эцэг эх нь “Тэр насанд хүрсэн хүн, өөрөөс нь асуу” гэжээ.

24. Фарисайчууд сохор байсан хүнийг хоёр дахь удаагаа дуудаад, түүнд—Бурханд алдрыг өргө. Тэр хүн нүгэлтэйг бид мэднэ гэсэнд

25. тэр—Түүний нүгэлтэн эсэхийг би мэдэхгүй. Би нэг л юмыг, урьд нь сохор байснаа, одоо харж байгаагаа л мэдэж байна гэв.

26. Тэд түүнээс—Тэр чамд юуг үйлдсэн юм бэ? Тэр чиний нүдийг яаж нээсэн юм бэ? гэж асуухад—

27. Би та нарт хэдийн хэлсэн. Та нар сонсоогүй. Юунд та нар дахин сонсохыг хүсэв? Та нар бас Түүний дагалдагчид болохыг хүсэж байгаа юм биш биз? гэв.

28. Фарисайчууд түүнийг хараан зүхэж—Чи л Түүний дагалдагч байна. Харин бид Мосегийн дагалдагчид.

29. Бурхан Мосед айлдсаныг бид мэднэ. Харин энэ хүний хувьд, бид Түүний хаанаас ирснийг нь ч мэдэхгүй гэсэнд

30. өнөөх хүн—Тэр миний нүдийг нээсэн байтал та нар Түүнийг хаанаас ирснийг нь ч мэдэхгүй байгаа нь гайхалтай юм байна.

31. Бурхан нүгэлтнүүдийг сонсдоггүй, харин Бурханаас эмээж, Түүний хүслийг үйлдэгч хүнийг сонсдогийг бид мэднэ.

32. Цаг хугацааны эхлэлээс хойш төрөлхийн сохор хүний нүдийг нээснийг хэн ч хэзээ ч сонсоогүй.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 9