Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 8:39-53 Ариун Библи, 2004 (АБ2004)

39. Тэд Түүнд—Бидний эцэг бол Абрахам мөн гэсэнд Есүс тэдэнд—Хэрэв та нар Абрахамын хүүхдүүд байсан бол, Абрахамын хийснийг үйлдэхсэн.

40. Гэтэл Бурханаас үнэнийг сонсоод, та нарт хэлсэн хүнийг буюу Намайг одоо та нар алах гэж оролдож байна. Абрахам ийм юм хийгээгүй.

41. Та нар эцгийнхээ үйлсийг хийж байна гэж айлдсанд тэд Түүнд—Садар самуунаас бид төрөөгүй. Бидэнд Бурхан хэмээх нэг л Эцэг байгаа гэв.

42. Есүс тэдэнд—Хэрэв Бурхан та нарын Эцэг байсан бол, та нар Намайг хайрлах байсан. Учир нь Би Бурханаас гарч ирсэн билээ. Өөрийн санаагаар ирээгүй, харин Тэр Намайг илгээсэн юм.

43. Миний юу хэлж байгааг та нар яагаад ойлгохгүй байна вэ? Яагаад гэвэл та нар Миний үгийг сонсож чадахгүй байна.

44. Та нар эцэг чинь болох диаволаас гаралтай. Та нар эцгийнхээ хүслийг хийхийг хүсдэг. Тэр чинь эхнээсээ алуурчин байсан бөгөөд үнэн дотор зогсдоггүй. Учир нь түүнд үнэн байдаггүй. Тэр худал хэлэхдээ, чухам өөрөөсөө хэлдэг. Учир нь тэр худалч бөгөөд худал хуурмагийн эцэг нь юм.

45. Харин Би үнэнийг хэлдэг тул та нар Надад итгэхгүй байна.

46. Намайг нүгэлтэй гэх хүн та нарын дотор байна уу? Хэрэв Би үнэнийг хэлдэг бол та нар яагаад Надад үл итгэнэ вэ?

47. Бурханы хүн нь Бурханы үгсийг сонсдог. Та нар Бурханых биш учир эдгээрийг сонсдоггүй гэлээ.

48. Иудейчүүд Түүнд—Та бол Самарийнх, Танд чөтгөр шүглэсэн гэж бидний хэлж байгаа нь зөв биз дээ? гэхэд

49. Есүс—Надад чөтгөр шүглээгүй. Харин Би Өөрийн Эцэгийг хүндэтгэдэг. Та нар Намайг хүндэтгэдэггүй.

50. Гэвч Би Өөрийн алдрыг хайдаггүй. Харин түүнийг хайдаг, шүүдэг Нэгэн бий.

51. Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Миний үгийг сахидаг хүн үхлийг хэзээ ч үзэхгүй гэсэнд

52. иудейчүүд Түүнд—Танд чөтгөр шүглэсэн гэдгийг бид одоо мэдлээ. Абрахам болон эш үзүүлэгчид ч мөн үхсэн. Та тэгэхэд “Хэрэв хүн Миний үгийг сахивал, үхлийг хэзээ ч амсахгүй” гэж хэлж байна.

53. Та бидний өвөг Абрахамаас ч агуу юм уу? Тэр үхсэн. Бас эш үзүүлэгчид ч үхсэн. Та Өөрийгөө хэн болгоод байна? гэв.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 8