Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 8:20-37 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Есүс сүмд зааж байхдаа эдгээр үгсийг эрдэнэсийн сан хөмрөг дотор айлджээ. Хэн ч Түүнийг барьсангүй. Учир нь Түүний цаг хараахан болоогүй байлаа.

21. Есүс тэдэнд дахин—Би явна. Та нар Намайг эрсээр, нүглийнхээ дотор үхнэ. Би хаашаа явна, та нар тэнд очиж чадахгүй гэж айлдав.

22. Тэгтэл иудейчүүд—“Би хаашаа явна, та нар тэнд очиж чадахгүй” гэж хэлж байгаа тул Тэр Өөрийгөө егүүтгэх гээгүй байлтай? гэв.

23. Есүс тэдэнд—Та нар доороос, Би бол дээрээс юм. Та нар энэ ертөнцийнх, Би энэ ертөнцийнх биш.

24. Тиймээс Би “Та нар нүглийнхээ дотор үхнэ” гэж та нарт хэлсэн. Учир нь хэрэв та нар “Би байдаг” гэдэгт итгэхгүй бол та нар нүглийнхээ дотор үхнэ гэлээ.

25. Тэгээд тэд Түүнд—Та хэн юм бэ? гэхэд нь Есүс—Эхнээсээ та нарт өгүүлж байгаа Тэр байна.

26. Та нарын тухай ярих, шүүх зүйл Надад олон бий. Харин Намайг Илгээгч нь үнэн мөн бөгөөд Түүнээс сонссон юмсаа Би ертөнцөд хэлдэг гэж айлдав.

27. Тэдэнд Эцэгийнхээ тухай Тэр хэлснийг тэд ойлгосонгүй.

28. Тиймээс Есүс [тэдэнд]—Та нар Хүний Хүүг өргөвөл, “Би байдаг” гэдгийг, мөн Би Өөрийн санаагаар юуг ч хийдэггүй, харин Эцэгийн Надад зааснаар Би эдгээрийг ярьдаг гэдгийг мэдэх болно.

29. Намайг Илгээгч нь Надтай хамт байгаа. Би үргэлж Түүнд тааламжтай зүйлсийг үйлддэг учир Тэр Намайг ганцааранг минь орхисонгүй гэв.

30. Ийн айлдахад нь олон хүн Түүнд итгэх болов.

31. Есүс Өөрт нь итгэсэн иудейчүүдэд—Хэрэв та нар Миний үгэн дотор байвал үнэхээр Миний дагалдагчид байна.

32. Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө гэсэнд

33. тэд Түүнд—Бид Абрахамын удам бөгөөд хэзээ ч хэнд ч боолчлогдож байгаагүй. “Та нар эрх чөлөөтэй болно” гэж Та юунд хэлнэ вэ? гэв.

34. Есүс тэдэнд—Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Нүгэл үйлдэгч бүр нүглийн боол мөн.

35. Боол гэрт мөнхөд байдаггүй, харин хүү л мөнхөд байдаг.

36. Иймээс хэрэв Хүү та нарыг чөлөөлбөл та нар үнэхээр эрх чөлөөтэй болно.

37. Та нар бол Абрахамын үр удам мөн гэдгийг Би мэднэ. Гэвч та нарын дотор Миний үг байх зайгүй учир та нар Намайг алахыг оролдож байна.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 8