Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 8:11-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. тэр—Эзэн, хэн ч шийтгэсэнгүй гэв. Есүс—Би ч чамайг шийтгэхгүй. Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд гэлээ.]

12. Тэгээд Есүс тэдэнд дахин—Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав.

13. Тэгтэл фарисайчууд Түүнд—Та Өөрийгөө гэрчилж байна. Таны гэрчлэл үнэн биш гэсэнд

14. Есүс хариуд нь тэдэнд—Хэдийгээр Би Өөрийнхөө тухай гэрчилж байгаа ч гэсэн, Миний гэрчлэл үнэн байна. Учир нь Би хаанаас ирснээ, хаашаа явахаа мэднэ. Харин та нар Миний хаанаас ирснийг, эсвэл хаашаа явахыг мэдэхгүй.

15. Хүмүүс та нар махан биеийн дагуу шүүдэг бол, Би хэнийг ч шүүхгүй.

16. Харин хэрвээ Би шүүвэл, Миний шүүлт үнэн байна. Учир нь шүүх үед Би ганцаараа биш, харин Намайг илгээсэн Эцэг Надтай хамт байдаг.

17. “Хоёр хүний гэрчлэл нь үнэн” гэж танай хуульд ч бичигдсэн байдаг.

18. Би Өөрийнхөө тухай Гэрчлэгч бөгөөд Намайг илгээсэн Эцэг Миний тухай гэрчилдэг гэв.

19. Тэгтэл тэд—Таны Эцэг хаана байна? гэхэд Есүс—Та нар Намайг ч, Эцэгийг минь ч танихгүй. Хэрэв та нар Намайг таньсан бол, Миний Эцэгийг ч мөн таних байсан гэж хариулав.

20. Есүс сүмд зааж байхдаа эдгээр үгсийг эрдэнэсийн сан хөмрөг дотор айлджээ. Хэн ч Түүнийг барьсангүй. Учир нь Түүний цаг хараахан болоогүй байлаа.

21. Есүс тэдэнд дахин—Би явна. Та нар Намайг эрсээр, нүглийнхээ дотор үхнэ. Би хаашаа явна, та нар тэнд очиж чадахгүй гэж айлдав.

22. Тэгтэл иудейчүүд—“Би хаашаа явна, та нар тэнд очиж чадахгүй” гэж хэлж байгаа тул Тэр Өөрийгөө егүүтгэх гээгүй байлтай? гэв.

23. Есүс тэдэнд—Та нар доороос, Би бол дээрээс юм. Та нар энэ ертөнцийнх, Би энэ ертөнцийнх биш.

24. Тиймээс Би “Та нар нүглийнхээ дотор үхнэ” гэж та нарт хэлсэн. Учир нь хэрэв та нар “Би байдаг” гэдэгт итгэхгүй бол та нар нүглийнхээ дотор үхнэ гэлээ.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 8