Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 7:20-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Хурсан олон—Танд чөтгөр шүглэжээ. Хэн Таныг алах гэв? гэжээ.

21. Есүс тэдэнд—Би нэг ажил хийсэн. Тэгэхэд та нар бүгд гайхаж байна.

22. Үүний улмаас Мосе та нарт хөвч хөндөлт өгсөн (Энэ нь Мосегээс биш, өвөг дээдсээс чинь эхэлсэн юм) бөгөөд Амралтын өдөр ч та нар хүний хөвч хөнддөг.

23. Мосегийн Хуулийг зөрчихгүйн тулд хэрэв хүн Амралтын өдөр ч хөвч хөндүүлдэг бол, Би Амралтын өдөр хүн эдгээсэн учраас та нар Надад уурлана уу?

24. Гаднах төрхөөр нь бүү шүү. Харин үнэн зөв шүүлтээр шүү гэж айлдав.

25. Тэгтэл Иерусалимын иргэдийн зарим нь—Тэдний алахаар оролдоод байгаа өнөөх хүн энэ биш үү?

26. Хараач, Тэр ил ярьж байна. Тэд Түүнд юу ч хэлэхгүй юм. Захирагчид энэ хүнийг Христ гэж үнэхээр танилаа гэж үү?

27. Гэлээ ч энэ хүн хаанаас ирснийг бид мэднэ. Харин Христийг ирэхэд Түүнийг хаанаас ирэхийг хэн ч мэдэхгүй гэж ярьж байлаа.

28. Есүс сүм дотор хашхиран сургаж—Та нар Намайг мэднэ. Бас Миний хаанаас ирснийг ч мэднэ. Би Өөрөөсөө ирсэн биш, харин Намайг Илгээгч нь үнэн мөн. Та нар Түүнийг мэдэхгүй.

29. Би Түүнийг мэднэ. Учир нь Би Түүнээс ирсэн бөгөөд Тэр Намайг илгээсэн гэж айлдсанд

30. тэд Есүсийг барих гэсэн боловч, хэн ч Түүнд гар хүрсэнгүй. Учир нь Түүний цаг хараахан болоогүй байв.

31. Харин цугласан хүмүүсээс олон нь Түүнд итгэжээ. Тэд—Христ ирлээ ч гэсэн энэ хүний үйлдсэнээс илүү тэмдгүүдийг үйлдэнэ гэж үү? гэж ярилцаж байлаа.

32. Есүсийн тухай хүмүүс ингэж шивнэлдэхийг фарисайчууд сонсжээ. Ахлах тахилч нар болон фарисайчууд Түүнийг бариулахаар харуулуудыг илгээв.

33. Тэгтэл Есүс—Би та нартай хамт түр зуур байна. Тэгээд Би Намайг Илгээгч уруу явна.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 7