Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 7:16-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Есүс тэдэнд—Миний сургаал бол Минийх биш, харин Намайг Илгээгчийнх.

17. Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсэж байвал тэр нь энэ сургаал Бурханаас ирсэн үү, эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ.

18. Өөрөөсөө яригч нь өөрийнхөө алдрыг хайдаг. Харин Өөрийг нь илгээгч Нэгэний алдрыг Хайгч, Тэр бол үнэн мөн. Түүний дотор зөвт бус байдал нь байхгүй.

19. Та нарт Мосе Хууль өгөөгүй гэж үү? Харин та нараас нэг нь ч Хуулийг биелүүлдэггүй. Та нар яагаад Намайг алах гэж оролдоно вэ? гэлээ.

20. Хурсан олон—Танд чөтгөр шүглэжээ. Хэн Таныг алах гэв? гэжээ.

21. Есүс тэдэнд—Би нэг ажил хийсэн. Тэгэхэд та нар бүгд гайхаж байна.

22. Үүний улмаас Мосе та нарт хөвч хөндөлт өгсөн (Энэ нь Мосегээс биш, өвөг дээдсээс чинь эхэлсэн юм) бөгөөд Амралтын өдөр ч та нар хүний хөвч хөнддөг.

23. Мосегийн Хуулийг зөрчихгүйн тулд хэрэв хүн Амралтын өдөр ч хөвч хөндүүлдэг бол, Би Амралтын өдөр хүн эдгээсэн учраас та нар Надад уурлана уу?

24. Гаднах төрхөөр нь бүү шүү. Харин үнэн зөв шүүлтээр шүү гэж айлдав.

25. Тэгтэл Иерусалимын иргэдийн зарим нь—Тэдний алахаар оролдоод байгаа өнөөх хүн энэ биш үү?

26. Хараач, Тэр ил ярьж байна. Тэд Түүнд юу ч хэлэхгүй юм. Захирагчид энэ хүнийг Христ гэж үнэхээр танилаа гэж үү?

27. Гэлээ ч энэ хүн хаанаас ирснийг бид мэднэ. Харин Христийг ирэхэд Түүнийг хаанаас ирэхийг хэн ч мэдэхгүй гэж ярьж байлаа.

28. Есүс сүм дотор хашхиран сургаж—Та нар Намайг мэднэ. Бас Миний хаанаас ирснийг ч мэднэ. Би Өөрөөсөө ирсэн биш, харин Намайг Илгээгч нь үнэн мөн. Та нар Түүнийг мэдэхгүй.

29. Би Түүнийг мэднэ. Учир нь Би Түүнээс ирсэн бөгөөд Тэр Намайг илгээсэн гэж айлдсанд

30. тэд Есүсийг барих гэсэн боловч, хэн ч Түүнд гар хүрсэнгүй. Учир нь Түүний цаг хараахан болоогүй байв.

31. Харин цугласан хүмүүсээс олон нь Түүнд итгэжээ. Тэд—Христ ирлээ ч гэсэн энэ хүний үйлдсэнээс илүү тэмдгүүдийг үйлдэнэ гэж үү? гэж ярилцаж байлаа.

32. Есүсийн тухай хүмүүс ингэж шивнэлдэхийг фарисайчууд сонсжээ. Ахлах тахилч нар болон фарисайчууд Түүнийг бариулахаар харуулуудыг илгээв.

33. Тэгтэл Есүс—Би та нартай хамт түр зуур байна. Тэгээд Би Намайг Илгээгч уруу явна.

34. Та нар Намайг хайгаад олохгүй. Мөн Би хаана байна, тэнд та нар ирж чадахгүй гэж айлдсанд

35. иудейчүүд өөр хоорондоо—Бидэнд олдохгүй байх ямар газар уруу Тэр явах юм бол? Грек хүмүүсийн дунд суурьшсан иудейчүүд уруу очиж, грек хүмүүст сургаалаа заах гэсэн юм болов уу?

36. “Та нар Намайг хайгаад олохгүй. Мөн Би хаана байна, тэнд та нар ирж чадахгүй” гэж Түүний хэлсэн энэ үг ямар утгатай юм бол? гэцгээв.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 7