Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 6:42-55 Ариун Библи, 2004 (АБ2004)

42. Тэд—Энэ чинь Иосефын хүү Есүс биш билүү? Бид эцэг, эхийг нь мэднэ шүү дээ. Одоо болохлоор “Би бол тэнгэрээс бууж ирсэн” гэж Тэр яаж ярина вэ? гэлцэв.

43. Есүс тэдэнд—Та нар дотроо бүү дургүйцэн шивнэлд.

44. Намайг илгээсэн Эцэг хэн нэгнийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй. Би тэр хүнийг эцсийн өдөрт амилуулна.

45. “Тэд бүгд Бурханаар сургагдах болно” гэж эш үзүүлэгчдийн номд бичигджээ. Эцэгээс сонсож, сурсан хүн бүр Над уруу ирдэг.

46. Бурханаас ирсэн Нэгэнээс өөр хэн ч Эцэгийг хараагүй бөгөөд Тэр л Эцэгийг харсан юм.

47. Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Итгэдэг хүн мөнх амьтай.

48. Би бол амийн талх байна.

49. Та нарын өвөг дээдэс цөлд манна идсэн бөгөөд тэд нас барцгаасан.

50. Энэ нь тэнгэрээс бууж ирэх талх бөгөөд үүнээс идэгч нь үхэхгүй.

51. Би бол тэнгэрээс бууж ирсэн амьд талх байна. Хэрэв хэн нэгэн энэ талхнаас идвэл, тэр мөнхөд амьдарна. Ертөнцийн амийн төлөө Миний өгөх талх бол Миний махан бие юм гэж айлдлаа.

52. Тэгтэл иудейчүүд хоорондоо—Энэ хүн Өөрийнхөө махан биеийг бидэнд идүүлэхээр яаж өгч чадах юм бэ? гээд л маргалдаж эхлэв.

53. Есүс тэдэнд—Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэхгүй, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй.

54. Миний махыг идэж, цусыг уусан хүн мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна.

55. Учир нь Миний мах бол жинхэнэ хоол, Миний цус бол жинхэнэ ундаа мөн.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 6