Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 3:21-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Харин үйлс нь Бурханы дотор үйлдэгдсэн гэдгийг ил харуулахын тулд үнэнийг үйлдэгчид гэрэл уруу ирдэг гэлээ.

22. Дараа нь Есүс шавь нартайгаа Иудей нутагт очиж, тэдэнтэй хамт тэнд байж, баптисм хүртээж байлаа.

23. Мөн Иохан Салимын ойролцоо Аенонд баптисм хүртээж байв. Учир нь тэнд ус ихтэй ажээ. Хүмүүс ирж баптисм хүртэж байлаа.

24. Учир нь Иохан хараахан шоронд хоригдоогүй байв.

25. Тэр цагт Иоханы шавь нар болон нэгэн Иудей хүний хооронд ариусгалын талаар маргаан үүсжээ.

26. Тэд Иохан уруу ирж—Рабби, Иорданы тэртээ Тантай хамт байсан, таны гэрчилж байсан Тэр нь одоо баптисм хүртээж байна. Бүгд Түүн уруу очиж байна гэсэнд

27. Иохан—Тэнгэрээс өөрт нь өгөгдөөгүй л бол хүн юуг ч хүлээн авч чадахгүй.

28. “Би бол Христ биш, харин Түүний урьд илгээгдсэн нэгэн мөн” гэж миний хэлснийг гэрчлэгч нь та нар өөрсдөө билээ.

29. Бэр авагч нь шинэ хүргэн мөн. Харин зогсоод чагнагч найз нь шинэ хүргэний дуунд үлэмж баясдаг. Миний энэ баяр хөөр ч дүүрэн болов.

30. Тэр өсөж, харин би буурах ёстой гэж хэлэв.

31. Дээрээс ирэгч нь бүхний дээр байдаг. Газраас ирэгч нь газрынх бөгөөд газрын тухай л ярьдаг. Тэнгэрээс ирэгч нь [бүхний дээр байдаг].

32. Тэр үзсэн, сонссоноо гэрчилдэг боловч хэн ч Түүний гэрчлэлийг хүлээн авдаггүй.

33. Түүний гэрчлэлийг хүлээн авсан хүн Бурхан бол үнэн гэж батлан тамгалсан юм.

34. Бурханаас илгээгдсэн Тэр Бурханы үгийг айлддаг. Учир нь Бурхан Сүнсийг хэмжээлшгүйгээр өгдөг.

35. Эцэг нь Хүүгээ хайрлан, Түүний гарт бүх юмсыг өгсөн юм.

36. Хүүд итгэдэг хүн мөнх амьтай. Харин Хүүд итгэдэггүй хүн мөнх амийг үзэхгүй. Харин Бурханы уур хилэн тэр хүн дээр байдаг.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 3