Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 3:18-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Түүнд итгэдэг хүн яллагдахгүй. Харин үл итгэдэг хүн аль хэдийн яллагдсан. Учир нь тэр хүн Бурханы цорын ганц Хүүгийн нэрэнд итгээгүй юм.

19. Тэрхүү яллалт ийм билээ. Гэрэл ертөнцөд ирэхэд хүмүүсийн үйлс бузар муу учир тэд харанхуйг гэрлээс илүү хайрласан юм.

20. Учир нь өөрийнх нь үйлс ил гарчих вий гэж бузрыг үйлдэгч хүн бүр гэрлийг үзэн ядаж, гэрэл уруу гарч ирдэггүй.

21. Харин үйлс нь Бурханы дотор үйлдэгдсэн гэдгийг ил харуулахын тулд үнэнийг үйлдэгчид гэрэл уруу ирдэг гэлээ.

22. Дараа нь Есүс шавь нартайгаа Иудей нутагт очиж, тэдэнтэй хамт тэнд байж, баптисм хүртээж байлаа.

23. Мөн Иохан Салимын ойролцоо Аенонд баптисм хүртээж байв. Учир нь тэнд ус ихтэй ажээ. Хүмүүс ирж баптисм хүртэж байлаа.

24. Учир нь Иохан хараахан шоронд хоригдоогүй байв.

25. Тэр цагт Иоханы шавь нар болон нэгэн Иудей хүний хооронд ариусгалын талаар маргаан үүсжээ.

26. Тэд Иохан уруу ирж—Рабби, Иорданы тэртээ Тантай хамт байсан, таны гэрчилж байсан Тэр нь одоо баптисм хүртээж байна. Бүгд Түүн уруу очиж байна гэсэнд

27. Иохан—Тэнгэрээс өөрт нь өгөгдөөгүй л бол хүн юуг ч хүлээн авч чадахгүй.

28. “Би бол Христ биш, харин Түүний урьд илгээгдсэн нэгэн мөн” гэж миний хэлснийг гэрчлэгч нь та нар өөрсдөө билээ.

29. Бэр авагч нь шинэ хүргэн мөн. Харин зогсоод чагнагч найз нь шинэ хүргэний дуунд үлэмж баясдаг. Миний энэ баяр хөөр ч дүүрэн болов.

30. Тэр өсөж, харин би буурах ёстой гэж хэлэв.

31. Дээрээс ирэгч нь бүхний дээр байдаг. Газраас ирэгч нь газрынх бөгөөд газрын тухай л ярьдаг. Тэнгэрээс ирэгч нь [бүхний дээр байдаг].

32. Тэр үзсэн, сонссоноо гэрчилдэг боловч хэн ч Түүний гэрчлэлийг хүлээн авдаггүй.

33. Түүний гэрчлэлийг хүлээн авсан хүн Бурхан бол үнэн гэж батлан тамгалсан юм.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 3