Бүлэг

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21

Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 21 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Түүнээс хойш Есүс Тибер тэнгисийн хавиар Өөрийгөө шавь нартаа дахин харуулжээ. Тэр Өөрийгөө ингэж харуулав.

2. Симон Петр, ихэр гэгддэг Томас, Галилын Канагийн Натанаел, Зебедеен хөвгүүд бас Түүний шавь нараас хоёр өөр хүн цугтаа байв.

3. Симон Петр тэдэнд—Би загас барихаар явлаа гэхэд тэд—Бид ч бас чамтай хамт явъя гээд завиндаа суув. Тэр шөнө тэд юу ч барьсангүй.

4. Үүр цайх үед Есүс эрэг дээр зогсож байлаа. Гэвч шавь нар нь Түүнийг таньсангүй.

5. Есүс тэдэнд—Хүүхдүүд ээ, та нарт ямар ч загас алга уу? гэхэд тэд—Алга гэлээ.

6. Есүс тэдэнд—Завиныхаа баруун талд тороо хая. Тэгвэл та нар олз олно гэв. Тэд тороо тийш нь хаясанд, маш их загас торонд нь орсон тул тэд тороо ч татаж чадахааргүй болжээ.

7. Тэгтэл Есүсийн хайртай байсан шавь Петрт—Энэ чинь Эзэн мөн байна гэлээ. Симон Петр “Энэ чинь Эзэн мөн байна” гэхийг сонсмогц загасчлахын тулд тайлсан байсан гадуур хувцсаа өмсөж, тэнгис уруу үсрэн оров.

8. Харин бусад шавь нар нь жижиг завиндаа дүүрэн загастай тороо чирсээр ирлээ. Учир нь тэд эргээс холгүй боловч хоёр зуу орчим тохой зайтай байжээ.

9. Тэд эрэг дээр гараад, модны нүүрсний гал дээр нь байх загас болон талхыг харав.

10. Есүс тэдэнд—Саяын барьсан загаснаасаа хэдийг аваад ир гэлээ.

11. Симон Петр очиж, зуун тавин гурван том загасаар дүүрэн тороо эрэг дээр татаж гаргав. Тийм их загас байсан боловч тор нь урагдаагүй байлаа.

12. Есүс тэдэнд—Нааш ир. Өглөөний хоолоо идэцгээ гэхэд түүнийг Эзэн мөн гэдгийг мэдэж байсан шавь нараас нь хэн нь ч—Та хэн бэ? гэж асууж зүрхэлсэнгүй.

13. Есүс ирж, талх авч тэдэнд өгөв. Бас загас өгөв.

14. Энэ бол Есүс үхэгсдээс амилуулагдсаныхаа дараа шавь нартаа Өөрийгөө харуулсны гурав дахь нь байсан юм.

15. Тэднийг өглөөний хоолоо идэж дуусахад Есүс Симон Петрт—Иоханы хүү Симон оо, чи Намайг тэднээс илүү хайрладаг уу? гэж асуухад тэр—Тийм ээ, Эзэн. Миний Танд хайртайг Та мэднэ гэж хэлэв. Есүс түүнд—Миний хургануудыг тэжээ гэлээ.

16. Есүс дахин хоёр дахь удаагаа түүнд—Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэхэд тэр Түүнд—Тийм ээ, Эзэн. Миний Танд хайртайг Та мэднэ гэв. Есүс түүнд—Миний хоньдыг хариул гэлээ.

17. Есүс түүнд гурав дахь удаагаа—Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэв. “Чи Намайг хайрладаг уу?” гэж Есүс гурвантаа асуусан учир Петр гуниглав. Тэр—Эзэн, Та бүх юмсыг мэддэг. Миний Танд хайртайг Та мэднэ гэв. [Есүс] түүнд—Миний хоньдыг тэжээ.

18. Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Чи залуу байхдаа бүсээ өөрөө бүслээд, аль хүссэн зүг уруугаа явдаг байв. Харин өтлөхдөө чи гараа сунган, өөр хүн чамайг бүсэлж, чиний хүсээгүй газарт чамайг аваачих болно гэж айлдав.

19. Есүс Петрийг ямар үхлээр үхэж Бурханыг алдаршуулахыг заан үүнийг хэлжээ. Ингэж айлдаад Есүс Петрт—Намайг дага гэлээ.

20. Петр эргэхдээ, өөрсдийнх нь араас Есүсийн хайртай шавь нь дагаж явааг харав. Тэр шавь мөнөөх оройн зоог дээр Есүсийн цээжийг налан сууж “Эзэн, Таныг барьж өгөх хүн хэн юм бэ?” гэж асууж байсан юм.

21. Петр түүнийг хараад Есүст—Эзэн, энэ хүн яах бол? гэсэнд

22. Есүс түүнд—Хэрэв Би ирэх хүртлээ түүнийг байлгая гэж хүссэн ч, энэ нь чамд ямар хамаа байна? Чи Намайг дага гэж айлдав.

23. Тиймд тэр шавь үхэхгүй нь гэсэн үг ах дүүсийн дунд тарав. Гэвч Есүс тэр хүнийг үхэхгүй гэж түүнд айлдаагүй. Харин зөвхөн “Хэрэв Би ирэх хүртлээ түүнийг байлгая гэж хүссэн ч, [энэ нь чамд ямар хамаа байна?]” гэсэн билээ.

24. Эдгээрийг гэрчилж, эдгээрийг бичсэн хүн бол тэр шавь нь мөн. Түүний гэрчлэл үнэн гэдгийг бид мэднэ.

25. Есүсийн үйлдсэн өөр олон үйлс бий. Хэрэв тэдгээрийг нь нэг бүрчлэн бичсэн бол бичигдсэн номууд нь энэ ертөнцөд ч багтахгүй байх байсан гэж би боддог.