Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 20:18-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Магдалын Мариа ирж, шавь нарт—Би Эзэнийг харлаа гээд Есүсийн өөрт нь айлдсаныг тэдэнд хэлэв.

19. Долоо хоногийн эхний өдөр буюу тэр өдрийн үдэш, шавь нар нь иудейчүүдээс айснаас хаалгаа түгжсэн байв. Гэтэл Есүс ирээд тэдний дунд зогсож, тэдэнд—Амар амгалан та нартай хамт байх болтугай гэв.

20. Үүнийг айлдаад, Тэр тэдэнд гар, хажуугаа үзүүлэв. Шавь нар нь Эзэнийг хараад ихэд баярлав.

21. [Есүс] дахиж тэдэнд—Амар амгалан та нартай хамт байх болтугай. Эцэг Намайг илгээсний адил Би бас та нарыг илгээнэ гэв.

22. Үүнийг айлдаад, Тэр тэдэн уруу үлээн—Ариун Сүнсийг хүлээн авагтун.

23. Та нар хэний нүглийг уучилна, тэд уучлагдана. Та нар хэний нүглийг үл уучилна, тэд үл уучлагдах болно гэж айлдав.

24. Харин арван хоёрын нэг болох ихэр гэгддэг Томас Есүсийг ирэх үед тэдэнтэй хамт байгаагүй ажээ.

25. Бусад шавь нар нь түүнд—Бид Эзэнийг харсан гэж ярив. Харин тэр—Түүний гар дахь хадаасны сорвийг үзэж, хадаасны ормонд нь хуруугаа хийн, Түүний хажуу уруу нь гараа хийж үзэхээс нааш би итгэхгүй гэж тэдэнд хэлжээ.

26. Найман өдрийн дараа шавь нар гэрт дахин цуглахад Томас тэдэнтэй хамт байв. Хаалга нь түгжээтэй байсан боловч Есүс ирээд тэдний дунд зогсож—Амар амгалан та нартай хамт байх болтугай гэв.

27. Тэгээд Тэр Томаст—Хуруугаа нааш нь хүргэ, Миний гарыг үз. Гараа нааш нь хүргэ, Миний хажуу уруу хий. Итгэлгүй бус, харин итгэлтэй бай гэхэд

28. Томас Түүнд—Эзэн минь, Бурхан минь гэв.

29. Есүс түүнд—Чи Намайг харсан учраас итгэв үү? Хараагүй атлаа итгэсэн хүмүүс нь ерөөлтэй еэ! гэжээ.

30. Мөн энэ номд бичээгүй өөр олон тэмдгийг Есүс [Өөрийн] шавь нарын өмнө үзүүлсэн юм.

31. Харин эдгээр нь Есүс бол Христ, Бурханы Хүү мөн гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд бичигдсэн бөгөөд ингэснээр итгэлээр дамжуулан та нар Түүний нэрээр амьтай болох юм.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 20