Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 20:16-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Гэтэл Есүс—Мариа гэлээ. Мариа эргэнгүүтээ Түүнд еврейгээр—Рабуни! (Багш гэсэн утгатай) гэжээ.

17. Есүс—Би дээшээ Эцэгтээ хараахан очоогүй байгаа тул Надад гар бүү хүр. Харин Миний ах дүү нар уруу очиж, тэдэнд “Би Миний Эцэг ба та нарын Эцэгт, Миний Бурхан ба та нарын Бурханд очно” гэдгийг хэл гэлээ.

18. Магдалын Мариа ирж, шавь нарт—Би Эзэнийг харлаа гээд Есүсийн өөрт нь айлдсаныг тэдэнд хэлэв.

19. Долоо хоногийн эхний өдөр буюу тэр өдрийн үдэш, шавь нар нь иудейчүүдээс айснаас хаалгаа түгжсэн байв. Гэтэл Есүс ирээд тэдний дунд зогсож, тэдэнд—Амар амгалан та нартай хамт байх болтугай гэв.

20. Үүнийг айлдаад, Тэр тэдэнд гар, хажуугаа үзүүлэв. Шавь нар нь Эзэнийг хараад ихэд баярлав.

21. [Есүс] дахиж тэдэнд—Амар амгалан та нартай хамт байх болтугай. Эцэг Намайг илгээсний адил Би бас та нарыг илгээнэ гэв.

22. Үүнийг айлдаад, Тэр тэдэн уруу үлээн—Ариун Сүнсийг хүлээн авагтун.

23. Та нар хэний нүглийг уучилна, тэд уучлагдана. Та нар хэний нүглийг үл уучилна, тэд үл уучлагдах болно гэж айлдав.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 20