Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 18:11-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Тэгтэл Есүс Петрт—Илдээ хуйнд нь хий. Эцэгийн Надад өгсөн аяганаас Би уухгүй байх гэж үү? гэв.

12. Ингээд баг цэрэг, мянгатын дарга болон иудейчүүдийн харуулууд Есүсийг барьж хүлээд,

13. эхлээд Түүнийг Аннас уруу авч ирэв. Учир нь Аннас бол тэр жилийн тэргүүн тахилч Каиафын хадам эцэг байсан юм.

14. Каиаф бол ард түмний төлөө нэг хүн үхэх нь дээр гэж иудейчүүдэд зөвлөсөн тэр хүн билээ.

15. Симон Петр бас өөр нэг шавь нь Есүсийг дагав. Тэр шавь тэргүүн тахилчийг таньдаг тул тэдний хашаанд Есүсийн хамт оров.

16. Харин Петр хаалганы гадаа үлдэв. Тэгтэл тэргүүн тахилчийн танил нөгөө шавь гарч ирээд, үүдний сахиултай ярилцаад, Петрийг дотогш оруулав.

17. Үүдийг сахиж байсан шивэгчин Петрт—Чи энэ хүний шавь нарын нэг нь биш бил үү? гэхэд тэр—Би биш ээ гэв.

18. Хүйтэн байсан тул боолууд, харуулууд модны нүүрс түлж дулаацан зогсож байлаа. Петр ч мөн тэдний хамт тэнд зогсоод дулаацаж байв.

19. Тэргүүн тахилч Есүсээс шавь нарынх нь тухай, мөн сургаалынх нь тухай асууж шалгаав.

20. Есүс—Би ертөнцөд ил ярьсан. Би үргэлж бүх иудейчүүдийн цугладаг синагогт болон сүмд сургаал зааж байсан. Би нууцаар юу ч яриагүй.

21. Та яагаад Надаас асууна вэ? Миний юу ярьсныг сонссон хүмүүсээс асуу. Харагтун, тэд Миний юу ярьсныг мэднэ гэж

22. айлдтал дэргэд нь зогсож байсан харуул Есүсийг алгадаж—Чи тэргүүн тахилчид ингэж хариулдаг юм уу? гэлээ.

23. Есүс Түүнд—Хэрэв Би буруу ярьсан бол бурууг нь гэрчил. Хэрэв зөв ярьсан бол, чи юунд Намайг цохино вэ? гэв.

24. Тэгээд Аннас Есүсийг хүлээтэйгээр нь тэргүүн тахилч Каиаф уруу илгээв.

25. Симон Петр дулаацаад зогсож байтал хүмүүс түүнд—Чи чинь Түүний шавь нарын нэг нь биш бил үү? гэсэнд тэр үүнийг үгүйсгэн—Би биш ээ гэв.

26. Тэргүүн тахилчийн боолуудын нэг, Петрт чихээ цавчуулсан хүний хамаатан—Чамайг Түүнтэй хамт цэцэрлэгт байхыг чинь би хараагүй бил үү? гэж хэллээ.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 18