Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 14:13-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Та нар Миний нэрээр юуг ч гуйсан, Эцэг Хүүгээрээ алдаршуулагдахын тулд Би түүнийг хийнэ.

14. Хэрэв та нар Миний нэрээр юуг ч Надаас гуйвал, Би түүнийг чинь хийнэ.

15. Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь.

16. Би Эцэгээсээ гуйхад, Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна.

17. Тэр бол үнэний Сүнс мөн бөгөөд Түүнийг харахгүй, мэдэхгүйгээсээ болж, ертөнц Түүнийг хүлээж авч чадахгүй. Харин та нар Түүнийг мэднэ. Яагаад гэвэл Тэр та нартай хамт үргэлж байх бөгөөд та нарын дотор байна.

18. Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ.

19. Хэсэг хугацааны дараа ертөнц Намайг дахиж харахгүй. Харин та нар Намайг харна. Яагаад гэвэл Би амьд байна. Та нар ч амьд байна.

20. Би Өөрийн Эцэг дотор, та нар Миний дотор, Би та нарын дотор байхыг та нар тэр өдөр мэдэх болно.

21. Миний тушаалуудыг сахидаг хүн Намайг хайрлагч мөн. Намайг хайрладаг хүн Миний Эцэгт хайрлагдана. Би тэр хүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ гэж хэллээ.

22. Иудас (Искариотын биш) Түүнд—Эзэн, Та бидэнд Өөрийгөө илчлэх атлаа яагаад ертөнцөд илчлэхгүй юм бэ? гэж асуухад

23. Есүс—Хэрэв хэн нэг нь Намайг хайрлавал, тэр хүн Миний үгийг сахина. Миний Эцэг түүнийг хайрлана. Бид тэр хүн уруу очиж, түүнтэй хамт Өөрсдийн орон байраа байгуулна.

24. Намайг хайрладаггүй хүн Миний үгийг сахидаггүй. Та нарын сонсож байгаа үг Минийх биш, харин Намайг илгээсэн Эцэгийнх билээ.

25. Би та нартай хамт байхдаа энэ бүгдийг хэллээ.

26. Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүх зүйлийг заах бөгөөд Миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно.

27. Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай.

28. “Би яваад, та нар уруу ирнэ” гэж Миний хэлснийг та нар сонслоо. Хэрэв та нар Намайг хайрласан бол Эцэгтээ очиж байгаад минь баярлах байсан. Яагаад гэвэл Эцэг Надаас илүү аугаа юм.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 14