Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 12:37-50 Ариун Библи, 2004 (АБ2004)

37. Хэдийгээр Есүс тэдний өмнө өдий олон тэмдгийг үйлдсэн боловч тэд Түүнд итгэхгүй байлаа.

38. Энэ нь эш үзүүлэгч Исаиагийн «Эзэн, бидний мэдээнд хэн итгэсэн бэ? Эзэний мутар хэнд илчлэгдсэн бэ?» гэж хэлсэн үг биелэгдэхийн тулд ажээ.

39. Тиймээс ч тэд итгэж чадаагүй юм. Учир нь Исаиа бас

40. «Тэр тэдний нүдийг сохолж, зүрхийг нь хатуу болгосон. Ингэснээр тэд нүдээрээ харж, зүрхээрээ ухаарч, эргэж буцахгүй бөгөөд Би тэднийг эдгээхгүй юм» гэсэн.

41. Исаиа Түүний цог жавхланг харж, Түүний тухай ярьсан учраас эдгээрийг хэлсэн ажээ.

42. Хэдий тийм боловч захирагчдаас олон хүн Есүст итгэсэн билээ. Гэвч тэд фарисайчуудаас болж Түүнийг илээр хүлээн зөвшөөрсөнгүй. Тэд синагогаас хөөгдөх вий гэсэндээ тэгжээ.

43. Учир нь тэд хүний алдрыг Бурханы алдраас илүү таалсан юм.

44. Есүс хашхиран—Надад итгэгч хүн Надад итгэж байгаа биш, харин Намайг Илгээгчид итгэж байгаа юм.

45. Намайг харагч хүн Намайг илгээсэн Нэгэнийг харж байна.

46. Надад итгэдэг хүн бүрийг харанхуйд байлгахгүйн тулд Би ертөнцөд гэрэл болон ирсэн.

47. Хэрэв Миний үгийг сонсоод үл сахидаг хүн байвал, Би түүнийг шүүхгүй. Учир нь Би ертөнцийг шүүхийн тулд бус, харин ертөнцийг аврахын тулд ирсэн юм.

48. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч бий. Миний хэлсэн үг эцсийн өдөрт түүнийг шүүнэ.

49. Яагаад гэвэл Би Өөрийн санаагаар яриагүй, харин юу хэлж, юу ярих тушаалыг Намайг илгээсэн Эцэг Өөрөө Надад өгсөн юм.

50. Түүний тушаал бол мөнх амь мөн гэдгийг Би мэднэ. Тиймээс Миний хэлж байгаа зүйлс нь Эцэгийн Надад хэлж байгааг Би хэлж байгаа юм гэж айлдлаа.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 12