Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 11:43-57 Ариун Библи, 2004 (АБ2004)

43. Тэр ийн айлдаад, чанга дуугаар—Лазар, гараад ир гэж хашхирав.

44. Үхсэн хүн гар, хөл нь оршуулгын боолтоор боолттой, нүүр нь алчуураар ороолттой чигээрээ гарч ирэв. Есүс тэдэнд—Тайлж, түүнийг явуул гэв.

45. Мариагийнд ирсэн иудейчүүдээс олон хүн Есүсийн хийсэн зүйлийг хараад, Түүнд итгэжээ.

46. Харин тэдний зарим нь фарисайчууд уруу очиж, Есүсийн хийсэн зүйлийг тэдэнд хэлцгээв.

47. Тэгтэл ахлах тахилч нар болон фарисайчууд зөвлөлдөж—Бид юу хийх вэ? Энэ хүн олон тэмдгийг үйлдэж байна.

48. Хэрэв бид Түүнийг ингээд орхивол, бүх хүмүүс Түүнд итгэнэ. Тэгвэл ромчууд ирж, манай орныг болон үндэстнийг маань устгана даа гэцгээв.

49. Харин тэдний нэг болох тэр жил тэргүүн тахилч болсон Каиаф тэдэнд—Та нар юу ч мэдэхгүй,

50. мөн бүх үндэстнээрээ мөхөхгүйн тулд ард түмний төлөө нэг хүн үхэх нь дээр гэдгийг ч бодохгүй байна гэж хэлэв.

51. Тэр энэ үгсийг өөрийн санаагаар хэлээгүй. Харин тэр жилийн тэргүүн тахилч байсан учир тэрээр Есүсийн үндэстнийхээ төлөө үхэх тухай болон

52. Түүний зөвхөн үндэстнийхээ төлөө бус, харин Бурханы тарсан хүүхдүүдийг бөөгнүүлж нэгтгэхийн төлөө үхэх тухай эш үзүүлжээ.

53. Энэ өдрөөс тэд Есүсийг алахаар төлөвлөв.

54. Тиймээс Есүс иудейчүүдийн дунд дахиж илээр явсангүй. Харин тэндээс цөлийн ойролцоох нутаг уруу явж, Ефрайм гэдэг хотод очжээ. Тэнд шавь нарынхаа хамт үлдэв.

55. Иудейчүүдийн Дээгүүр Өнгөрөх баяр ойртсон байлаа. Олон хүн өөрсдийгөө ариусгахаар Дээгүүр Өнгөрөх баяраас өмнө нутгаасаа Иерусалим уруу иржээ.

56. Тэд Есүсийг хайж, сүм дотор байхдаа өөр хоорондоо—Та нар юу гэж бодож байна? Тэр баяр дээр ирэх болов уу? хэмээн ярьж байлаа.

57. Ахлах тахилч нар болон фарисайчууд хэрэв Түүний хаана байгааг мэдсэн хүн байвал Есүсийг бариулахаар энэ тухай мэдэгдэх ёстой гэсэн зарлиг буулгасан байв.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 11