Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 1:12-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв.

13. Тэд цусаар биш, махан биеийн хүслээр ч биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төрөгсөд билээ.

14. Үг нь махан бие болж бидний дунд оршин, бид Түүний алдрыг харцгаасан. Энэ нь Эцэгийн цорын ганц Хүүгийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байсан юм.

15. Иохан Түүний тухай гэрчлэн хашхирч—“Миний араас Ирэгч нь надаас эрхэм. Учир нь Тэр надаас урьд оршин байсан” гэж би Түүний тухай хэлсэн юм гэлээ.

16. Учир нь Түүний дүүрнээс бид бүгдээрээ нигүүлсэл дээрээ нигүүлслийг хүлээн авсан.

17. Яагаад гэвэл Хууль Мосегээр өгөгдсөн бол, нигүүлсэл ба үнэн нь Есүс Христээр дамжуулан ирсэн билээ.

18. Бурханыг хэн ч хэзээ ч хараагүй бөгөөд Эцэгийн өвөр дэх цорын ганц Хүү болох Бурхан нь Түүнийг таниулсан юм.

19. Иоханаас “Та хэн бэ?” гэж асуулгахаар иудейчүүд Иерусалимаас тахилч нар болон левичүүдийг илгээхэд түүний хэлсэн гэрчлэл ийм байлаа.

20. Тэр үгүйсгэлгүй хүлээн зөвшөөрч—Би Христ биш гэж зөвшөөрөн хэллээ.

21. Тэд түүнээс—Тэгвэл та хэн юм бэ? Та Елиа юм уу? гэж асуухад, тэр—Би биш гэсэнд,—Та өнөөх Эш үзүүлэгч үү? гэхэд тэр—Үгүй гэлээ.

22. Тэгтэл тэд түүнд—Та хэн бэ? Биднийг явуулсан хүмүүст бид хариу өгөх учиртай. Та өөрийнхөө тухай юу хэлэх вэ? гэв.

23. Иохан—Эш үзүүлэгч Исаиагийн айлдсан “ЭЗЭНий замыг шулуун болгогтун” гэж цөлд хашхирах нэгний дуу бол би билээ гэж хэлэв.

24. Фарисайчуудын явуулсан хүмүүс бас байлаа.

25. Тэд түүнээс—Хэрэв та Христ биш, Елиа ч биш, өнөөх Эш үзүүлэгч ч биш юм бол яагаад баптисм хүртээнэ вэ? гэж асуусанд

26. Иохан—Би усаар баптисм хүртээдэг, харин дунд чинь та нарын үл таних Нэгэн зогсож байна.

27. Миний араас Ирэгч нь Тэр бөгөөд Түүний шаахайн сурыг ч тайлах нь надад зохисгүй гэж хэлэв.

28. Энэ явдал Иоханы баптисм хүртээж байсан Иордан голын тэртээх Бетанд болсон юм.

29. Дараа өдөр нь Иохан өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад—Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун!

30. Энэ бол Түүний тухай “Миний араас ирэх Хүн миний тэргүүн байсан. Яагаад гэвэл Тэр надаас урьд оршин байсан” гэж миний хэлсэн Тэр мөн.

31. Би Түүнийг таниагүй. Гэвч Тэр Израильд илчлэгдсэн байхын тулд би усаар баптисм хүртээхээр ирсэн гэв.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 1