Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Илчлэлт 2:2-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. ”Би чиний ажил үйлс, нөр хөдөлмөр, тэвчээрийг чинь болон муу хүмүүсийг тэсвэрлэж чадаагүйг болон өөрсдийгөө элч нар хэмээдэг атлаа, чухамдаа элч биш хүмүүсийг шалгаж, хуурамч хүмүүс байсныг нь илчилснийг чинь мэднэ.

3. Чи тэвчээртэй байж, Миний нэрийн төлөө хүлцэн тэвчиж, цуцаагүй.

4. Харин Надад чиний эсрэг зүйл байна. Юу гэвэл чи анхны хайраа орхижээ.

5. Тиймээс чи хаанаас унаснаа санаж гэмш. Чи анх хийж байсан үйлсээ үйлд. Хэрэв чи гэмшихгүй бол, Би чам уруу очиж, дэнлүүний чинь суурийг байрнаас нь зайлуулах болно.

6. Гэвч чамд сайн юм бий. Юу гэвэл Миний үзэн яддаг николайчуудын үйлсийг чи ч мөн үзэн яддаг.

7. Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун. Бурханы диваажинд буй амийн модноос идэхийг Би ялагч нэгэнд соёрхоно»”.

8. Смирна дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн.“Үхсэн бөгөөд амилсан эхэн ба эцэс үүнийг айлдаж байна.

9. «Би чиний зовлон шаналал, ядуу байдлыг (гэвч чи баян) болон өөрсдийгөө иудейчүүд хэмээгчдээр доромжлогддогийг чинь мэднэ. Харин тэд иудейчүүд биш бөгөөд Сатаны синагог юм.

10. Эдлэх гэж буй зовлонгоосоо бүү ай. Үзэгтүн, диавол та нарыг сорихын тулд та нараас заримыг чинь шоронд хаях гэж байна. Та нарт арван өдөр гай зовлон учрах болно. Үхэл хүртэл итгэмжтэй бай. Тэгээд Би чамд амийн титмийг өгнө.

11. Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун. Ялагч нь хоёр дахь үхлээр хохирохгүй»”.

12. Пергам дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн.“Хоёр талдаа хурц ирт илдтэй Нэгэн үүнийг айлдаж байна.

13. «Би чиний хаана нутагладгийг болон тэнд чинь Сатаны сэнтий байдгийг мэднэ. Чи Миний нэрийг бат сахидаг бөгөөд Миний итгэлийг үгүйсгээгүй, бүр Сатаны нутагладаг газарт, та нарын дунд алагдсан Миний гэрч, Миний итгэлт нэгэн болох Антипын өдрүүдийн үед ч үгүйсгээгүй билээ.

14. Харин чиний эсрэг хэдэн зүйл Надад байна. Яагаад гэвэл чиний тэнд Балаамын сургаалыг сахигчид байдаг. Балаам нь Израилийн хөвгүүдийн өмнө бүдрүүлэх саад тавиулах гэж, шүтээнүүдэд тахисан юмсыг идүүлж, садар самууныг үйлдүүлэх гэж Балакийг сургасаар байсан.

бүрэн бүлгийг уншина уу Илчлэлт 2