Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Илчлэлт 14:4-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Тэд бол өөрсдийгөө эмсээр бузарлаагүй хүмүүс юм. Учир нь тэд ариун аж. Тэд бол Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс. Тэднийг Бурхан болон Хурганы төлөөх анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас худалдан авсан ажээ.

5. Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй. Тэд гэм зэмгүй.

6. Тэнгэрийн дундуур өөр нэгэн тэнгэр элч нисэж явахыг би харав. Газар дээр суугчид ба аливаа үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах мөнхийн сайн мэдээ түүнд байна.

7. Тэр чанга дуугаар—Бурханаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө. Яагаад гэвэл Түүний шүүх цаг ирчихээд байна. Тэнгэр ба газрыг, тэнгис ба усны ундаргуудыг бүтээсэн Түүнд мөргөцгөө гэлээ.

8. Өөр нэгэн тэнгэр элч буюу хоёр дахь нь араас нь даган—Агуу Вавилон, өөрийнхөө садар самууны тачаалын дарснаас бүх үндэстэнд уулгасан тэр нурлаа, нурлаа гэж байлаа.

9. Өөр нэгэн тэнгэр элч буюу гурав дахь нь тэднийг даган, чанга дуугаар—Хэрэв хэн араатанд болон хөрөгт нь мөргөж, духан дээрээ, эсвэл гар дээрээ тэмдэг авна,

10. тэр хүн Бурханы уур хилэнгийн дарсыг мөн уух болно. Энэ нь Түүний уур хилэнгийн аяганд шингэлэлгүй хольсон дарс юм. Тэр хүн ариун тэнгэр элч нарын ба Хурганы өмнө гал, хүхэр дотор зовж тарчилна.

11. Тэдний зовлон тарчлалын утаа үеийн үед суунаглана. Араатанд ба түүний хөрөгт мөргөгсөд, түүний нэрийн тэмдгийг хүлээн авагч аливаа хүн өдөр ч, шөнө ч амрахгүй.

12. Бурханы тушаалууд хийгээд Есүст итгэх итгэлийг сахидаг ариун хүмүүсийн тэвчээр энд байна.—

13. “Одооноос эхлэн Эзэн дотор үхэгсэд нь ерөөлтэй еэ!” гэж бичигтүн гэх дуу тэнгэрээс гарахыг би сонсов. Сүнс—Тийм ээ, тэд ажлаасаа салж амраг. Учир нь үйлс нь тэднийг дагадаг гэж айлддаг.

14. Үзэгтүн, би нэгэн цагаан үүл харав. Тэргүүн дээрээ алтан титэмтэй, мутартаа хурц хадууртай, Хүний Хүүтэй адил нэгэн нь тэр үүлэн дээр заларч байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Илчлэлт 14