Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иаков 2:1-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Ах дүүс минь, алдарт Эзэн болох бидний Эзэн Есүс Христэд итгэх итгэлдээ бусдыг бүү алагчил.

2. Хэрэв танай цуглаанд хээнцэр хувцасласан, алтан бөгжтэй хүн, мөн бохир хувцастай ядуу хүн орж ирвэл,

3. та нар хээнцэр хувцас өмссөн нэгнийг нь онцгой анхаарч “Та энд тухлан суу” гээд, харин ядуу хүнд “Чи тэнд зогс, эсвэл миний хөлийн гишгүүр хавьд суу” гэвэл,

4. та нар өөрсдийнхөө дунд ялгаварлалыг бий болгож, бузар бодол санаатай шүүгчид болсон бус уу?

5. Миний хайрт ах дүү нар аа, сонсогтун. Бурхан энэ ертөнцийн ядуусыг Өөрийг нь хайрлагсдад амласан хаанчлалын өвлөгчид болгож, тэднийг итгэл дотор баян байлгахын тулд сонгоогүй гэж үү?

6. Харин та нар ядуу хүнийг хүндэтгэсэнгүй. Та нарыг дарлан, шүүхэд аваачигсад нь баячууд биш гэж үү?

7. Та нарт өгөгдсөн эрхэм нэрийг тэд гутаан доромжилдоггүй гэж үү?

8. Хэрэв та нар хаан хууль болох “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэснийг Судрын дагуу биелүүлж байвал та нар сайныг үйлдэж байна.

9. Харин та нар хүнийг алаг үзвэл, та нар нүгэл үйлдэж, хэрэгтэн мэт хуулиар яллагдах болно.

10. Учир нь бүх хуулийг сахивч нэг дээр нь бүдрэх хэн боловч бүх хуулийг зөрчсөн болно.

11. Учир нь “Бүү завхайр” гэж айлдсан Тэр бас “Хүн бүү ал” гэсэн юм. Хэрэв чи завхайраагүй хэрнээ хүн албал, хуулийн гэмт хэрэгтэн болно.

12. Эрх чөлөөний хуулиар шүүгдэх гэж буй тэр хүмүүс шиг тийнхүү ярь, тийнхүү үйлд.

13. Учир нь өршөөлгүй хүнд өршөөлгүй шүүлт байх болно. Харин өршөөл шүүлтийг ялдаг.

14. Ах дүүс минь, хэрэв хүн “Надад итгэл бий” гэсэн атлаа үйлсгүй бол ямар ашигтай юм бэ? Тийм итгэл түүнийг аварч чадна гэж үү?

бүрэн бүлгийг уншина уу Иаков 2