Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Галат 3:17-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Би үүнийг ярьж байна. “Бурханаар урьд нь батлагдсан гэрээг дөрвөн зуун гучин жилийн дараа ирсэн тэр Хууль ч хүчингүй болгодоггүй. Түүнчлэн амлалтыг ч хүчингүй болгодоггүй”.

18. Хэрэв өв залгамжлал нь хуулиас ирдэг юм бол, амлалтаас ирдэггүй гэсэн үг болно. Харин Бурхан үүнийг Абрахамд амлалтаар соёрхсон аж.

19. Тэгвэл юуны тулд Хууль байгаа юм бэ? Энэ нь амлалтыг авсан нэгэнд үр иртэл зуучийн гараар тэнгэр элч нараар дамжуулж тогтоогдон, нүгэл хилэнцээс болж нэмэгджээ.

20. Зууч нь ганц талд байдаггүй, харин Бурхан бол ганц.

21. Ингэхлээр Хууль [Бурханы] амлалтуудын эсрэг үү? Огт үгүй. Учир нь хэрэв амьд болгох чадалтай хуулийг өгсөн байсан бол зөвт байдал нь үнэхээр хуулиас ирэх байсан.

22. Харин Судар бүх юм нүглийн дор хоригдсон гэдэг. Энэ нь амлалтыг Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан итгэгчдэд өгөхийн тулд юм.

23. Гэвч итгэл ирэхээс өмнө, бид хожим илчлэгдэх итгэлд хаагдаж хуулийн дор хорионд байсан билээ.

24. Тиймд бид итгэлээр зөвтгөгдөхийн тулд бидний хувьд Хууль нь биднийг Христ уруу хандуулах зааварлагч болов.

25. Харин эдүгээ итгэл ирсэн тул бид цаашид зааварлагчийн дор байхаа болив.

26. Учир нь та нар бүгд Христ Есүст итгэх итгэлээр Бурханы хөвгүүд болсон ажээ.

27. Христ уруу баптисм хүртсэн та нар бүгдээрээ Христ уруу Христийг өмссөн юм.

28. Иудей ч гэж байхгүй, грек ч гэж байхгүй, боол ч гэж байхгүй, чөлөөт хүн ч гэж байхгүй, эр ч гэж байхгүй, эм ч гэж байхгүй. Учир нь та нар бүгд Христ Есүс дотор нэг болой.

29. Хэрэв та нар Христийнх юм бол та нар Абрахамын үр бөгөөд амлалтын дагуу өв залгамжлагчид мөн.

бүрэн бүлгийг уншина уу Галат 3