Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Еврей 11:25-39 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Нүглийн цаг зуурын жаргалыг эдэлснээс Бурханы хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг тэр сонгосон юм.

26. Христийн төлөөх буруутгал нь Египетийн эрдэнэсээс агуу их баялаг мөн гэж тэр үзжээ. Учир нь тэр шагнал уруу харж байлаа.

27. Итгэлээр, Мосе хааны уур хилэнгээс айлгүй Египетийг орхисон. Учир нь тэр үзэгдэхгүй Түүнийг харж байгаа мэт тэвчсэн ажээ.

28. Итгэлээр тэр Дээгүүр Өнгөрөх баярыг сахиад цус цацав. Ингэснээр ууган хүүхдүүдийг устгасан нэгэн нь тэдэнд хүрэхгүй юм.

29. Итгэлээр, тэд хуурай газраар явж байгаа юм шиг Улаан тэнгисийн дундуур гарсан. Египетчүүд түүгээр нь гарахыг завдахад тэнгис залгив.

30. Итгэлээр, Иерихогийн хэрмийг долоон өдрийн турш тойрсны дараа тэр нуржээ.

31. Итгэлээр, янхан эм Рахаб туршуулуудыг амар тайван зочилсны дараа дуулгаваргүй хүмүүстэй хамт амь үрэгдээгүй юм.

32. Би бас юу ярих вэ? Хэрэв би Гидеон, Барак, Самсон, Иефта, Давид, Самуел болон эш үзүүлэгчдийн тухай яривал надад цаг хүрэлцэхгүй.

33. Тэд итгэлээр хаанчлалуудыг эзэлж, зөвт байдлыг үйлдэн, амлалтуудад хүрч, арслангуудын амыг хааж,

34. галын хүчийг унтраан, илдний ирээс зайлж, буурайгаас хүчирхэг болгогдож, дайн тулалдаанд зоригжин, харийн дайчдыг буулган авч байлаа.

35. Эмэгтэйчүүд өөрсдийн үхэгсдийг амилалтаар буцаан авч байв. Зарим хүмүүс илүү дээр амилалтад хүрэхийн тулд золилтыг хүлээж авалгүй тамлагдсан юм.

36. Зарим нь доромжлогдон, ташуурдуулсан. Тийм, бас гинжлэгдэн, хоригдож байлаа.

37. Тэд чулуугаар шидүүлэн, соригдож, тас хөрөөдөгдөн, илдэнд хөнөөгдөж, хонь ямааны арьс нөмрөн явж, хоосон тарчиг байн, зовж, ад үзэгджээ.

38. Тэд цөл, уул, агуй болоод газрын нүх сүвээр тэнүүчлэн байлаа. Тэдний хувьд дэлхий зохисгүй байжээ.

39. Итгэлээрээ тэд бүгдээрээ сайн гэрчлэлийг олоод, амлагдсаныг хүлээн аваагүй аж.

бүрэн бүлгийг уншина уу Еврей 11