Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Коринт 8:1-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Ах дүү нар аа, Македонийн чуулгануудад өгсөн Бурханы нигүүлслийн талаар та нарт мэдүүлэхийг бид хүсэж байна.

2. Зовлонгийн үлэмж хатуу сорилтод байхдаа тэдний баяр баясгалангийн бялхал, туйлын ядуу зүдүү байдал нь тэдний өглөгч зангийн баялагт бялхсан аж.

3. Учир нь тэд хэр чадлаараа болон хэрээсээ ч илүү, сайн дураараа өгснийг би гэрчилнэ.

4. Ариун хүмүүсийн төлөөх үйлчлэлд оролцох ивээлийн талаар биднээс асар шаргуугаар гуйж,

5. бидний хүсэж байснаар бус, харин эхлээд тэд өөрсдийгөө Эзэнд, дараа нь Бурханы тааллын дагуу бидэнд өгсөн.

6. Иймээс урьдаас эхэлсэн шигээ энэхүү нигүүлсэнгүй ажлаа та нарын дотор дуусгахыг бид Титээс гуйсан юм.

7. Харин та нар юм бүхний дотор, итгэл, үг, мэдлэг, аливаа оролдлого, та нарт хандах бидний хайр дотор бялхам байдгийн адил энэхүү нигүүлсэнгүй ажилд ч гэсэн бялхам байгаарай.

8. Би үүнийг тушаал мэт биш, харин та нарын хайрын жинхэнэ байдлыг бусдын зүтгэлээр батлахын тулд хэлж байна.

9. Учир нь та нар бидний Эзэн Есүс Христийн нигүүлслийг мэднэ. Хэдийгээр Тэр баян байсан боловч Өөрийнхөө ядуурлаар та нарыг баян болгохын тулд та нарын төлөө Тэр ядуу болжээ.

10. Энэ нь та нарын төлөө тул би энэ зүйл дээр өөрийн бодлоо хэлье. Нэг жилийн өмнө та нар анхлан үүнийг хийхээр эхэлсэн төдийгүй, мөн ингэхийг хүссэн шүү дээ.

11. Харин одоо үүнийгээ хийж дуусга. Үүнийг хүсэж эхэлсэн шигээ өөрсдийн хэр чадлаараа үүнийгээ дуусга.

12. Хэрэв бэлэн байдалтай байвал, байхгүй зүйлийн дагуу бус, байгаа зүйлийн дагуу энэ нь тааламжтай.

13. Бусдын хувьд хөнгөн болж, та нарт зовлон болоосой гэсэндээ бус, харин тэгш байхын үүднээс ингэв.

14. Өнөө цагт та нарын элбэг дэлбэг байдал тэдний хэрэгцээг хангаж байгаачлан тэдний элбэг дэлбэг байдал бас та нарыг хангах болно. Тэгэхлээр тэгш байх болно.

15. Энэ нь “Ихийг хураасан хүнд нь илүүдсэнгүй, багыг хураасан хүнд нь дутсангүй” гэж бичсэнчлэн юм.

16. Харин та нарын төлөө гэсэн адилхан зүтгэлийг Титийн зүрхэнд өгсөн Бурханд талархал байх болтугай.

17. Яагаад гэвэл тэр бидний гуйлтыг хүлээн авсан төдийгүй өөрөө ихэд хичээж, сайн дураараа та нар уруу явсан.

18. Бид түүнтэй хамт нэгэн дүүг илгээлээ. Түүнийг сайн мэдээний төлөө бүх чуулганууд магтдаг.

19. Зөвхөн энэ ч биш, мөн бидний хүслийг үзүүлэхийн тулд болон Эзэний Өөрийнх нь алдрын төлөө бидний үйлчилж буй энэхүү нигүүлсэнгүй ажилд хамт явуулахаар түүнийг чуулганууд томилсон.

бүрэн бүлгийг уншина уу 2 Коринт 8