Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Коринт 9:1-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Би эрх чөлөөтэй биш гэж үү? Би элч биш гэж үү? Би бидний Эзэн Есүсийг хараагүй гэж үү? Та нар Эзэн доторх миний ажил биш гэж үү?

2. Хэрэв би бусдад элч биш байлаа гэхэд та нарын хувьд бол элч мөн. Учир нь та нар бол Эзэн доторх элчийн үүргийн минь тамга юм.

3. Намайг шалгадаг хүмүүст хандах миний өмгөөлөл нь ийм юм.

4. Идэж, уух эрх бидэнд байхгүй гэж үү?

5. Бусад элч нар болон Эзэний дүү нар, Кеф шиг эгч дүү болох эхнэрээ дагуулах эрх бидэнд байхгүй гэж үү?

6. Эсвэл ажлаа орхих эрх зөвхөн Барнаб бид хоёрт байхгүй юм уу?

7. Өөрийнхөө хөлсөөр цэрэг мэт ямар ч цагт үйлчилдэг хэн байна вэ? Усан үзмийн талбай байгуулаад, жимснээс нь иддэггүй хэн байна вэ? Хонин сүрэг хариулдаг атлаа сүргийнхээ сүүг хэрэглэдэггүй хэн байна вэ?

8. Эдгээр зүйлийг би хүний ёсоор ярьж байна уу? Хууль ч гэсэн эдгээр зүйлийг хэлдэггүй гэж үү?

9. Учир нь Мосегийн Хуульд “Тариа цайруулж буй үхрийн аманд хошуувч бүү хий” гэж бичсэн байдаг. Бурхан үхэрт санаа тавьдаг юм уу?

10. Тэр үүнийг бүхэлд нь бидний төлөө айлдсан уу? Тийм ээ, энэ нь бидний төлөө бичигдсэн юм. Тэгэхлээр газар хагалагч найдлага дотор хагалж, цайруулагч найдлага дотор цайруулж хувиа хүртэх ёстой аж.

11. Хэрэв бид та нарт сүнслэг зүйлсийг тариад та нараас бид махан биеийн юмсыг хураасан бол энэ нь дэндүү их байна уу?

12. Хэрэв бусад нь та нарынхаас хуваалцах эрхтэй байдаг юм бол бид тэднээс ч илүү байх ёстой бус уу?Хэдий тийм боловч, бид энэ эрхээ ашиглаагүй. Харин үүний оронд бид өөрсдөө Христийн сайн мэдээнд ямар ч саад тотгор учруулахгүйн тулд бүх юмсыг тэвчдэг.

13. Ариун үйлчлэлийг гүйцэтгэгчид сүмээс хооллодгийг болон тахил өргөхөд оролцогчид тахилын ширээн дээрхээс хувиа хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү?

14. Түүнчлэн сайн мэдээг тунхаглагчид сайн мэдээгээр амь зуухыг Эзэн тогтоосон ажээ.

бүрэн бүлгийг уншина уу 1 Коринт 9