Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Коринт 3:10-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Надад өгөгдсөн Бурханы нигүүлслийн дагуу би ухаалаг тэргүүн барилгачин мэт суурийг тавьсан бөгөөд харин өөр хүн түүн дээр барьж байна. Гэхдээ түүн дээр яаж барихаа хүн бүр анхаарагтун.

11. Учир нь тавигдсан ганц суурь болох Есүс Христээс өөр суурийг хэн ч тавьж чадахгүй.

12. Хэрэв хэн нэгэн хүн энэ суурин дээр алт, мөнгө, эрдэнийн чулуу, мод, өвс болон сүрлээр баривал,

13. ажил болгон нь илэрхий болно. Учир нь мөнөөх өдөр үүнийг харуулна. Яагаад гэвэл энэ нь галаар илэрхий болгогдох бөгөөд гал нь хүн бүрийн ажлын чанарыг шалгах болно.

14. Хэрэв хэн нэгний үүн дээр барьсан ажил нь үлдвэл тэр хүн шагналаа хүлээн авна.

15. Хэрэв хэн нэгний ажил шатвал тэр хүн хохирол амсана. Тэр өөрөө гал дундуур гарсан мэт боловч аврагдана.

16. Та нар өөрсдөө Бурханы сүм мөн бөгөөд Бурханы Сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу?

17. Хэрэв хэн нэг нь Бурханы сүмийг устгавал Бурхан тэр хүнийг устгана. Учир нь Бурханы сүм бол ариун бөгөөд энэ нь та нар мөн.

18. Хэн ч өөрийгөө бүү мэхлэг. Хэрэв та нарын дунд хэн нэг нь энэ үед өөрийгөө мэргэн хэмээн боддог бол тэр хүн мэргэн болохын тулд мунхаг болог.

19. Учир нь энэ ертөнцийн мэргэн ухаан бол Бурханы өмнөх мунхаглал ажээ. Энэ нь “Мэргэн хүмүүсийг Тэр башир байдлаар нь барьдаг” гэж бичигджээ.

20. Мөн “Мэргэн хүмүүсийн эргэцүүлэл нь дэмий хоосон зүйл гэдгийг Эзэн мэддэг” гэжээ.

21. Иймээс хэн ч хүмүүсээр сайрхахгүй байг. Учир нь бүх юм та нарынх юм.

22. Паул ч, Апол ч, Кеф ч, ертөнц ч, амь хийгээд үхэл ч, одоо хийгээд ирээдүй ч бүгд та нарынх аж.

23. Та нар Христийнх бөгөөд Христ Бурханых мөн.

бүрэн бүлгийг уншина уу 1 Коринт 3