Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Коринт 11:12-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Учир нь эмэгтэй хүн эр хүнээс бий болсончлон эр хүн эмэгтэй хүнээс төрдөг. Бүх юмс Бурханаас бий болсон.

13. Эмэгтэй хүн толгойгоо бүтээхгүй Бурханд залбирах нь зохистой юу? Өөрсдөө шүүцгээ.

14. Хэрэв эр хүн урт үстэй байвал энэ нь түүнийг гутаадаг гэдгийг төрөлх байдал өөрөө та нарт сургадаг бус уу?

15. Харин хэрэв эмэгтэй хүн урт үстэй байвал энэ нь түүнд алдар юм. Тийм биш гэж үү? Яагаад гэвэл түүний үс нь түүнд өмсгөл болон өгөгджээ.

16. Хэрэв хэн нэг нь маргаантай байхыг боддог бол тийм ёс заншил бидэнд ч, Бурханы чуулгануудад ч байхгүй билээ.

17. Харин энэ зааврыг өгөхдөө би та нарыг магтахгүй. Яагаад гэвэл та нар хамтдаа цуглахдаа сайжраагүй, харин ч мууджээ.

18. Учир нь нэгдүгээрт, та нар чуулган дотор цуглах үедээ дундаа хагаралтай байгааг чинь би сонсов. Зарим талаар би үүнд итгэж байна.

19. Учир нь та нарын дунд шалгарсан хүмүүс тодорсон байхын тулд та нарын дунд бүлэглэлүүд гарч ирэх ёстой юм.

20. Тиймээс та нар хамтдаа цуглах нь Эзэний Зоогийг идэхийн тулд биш юм.

21. Учир нь хүн бүр өөрийнхөө хоолноос урьтаж иддэг бөгөөд нэг нь өлсгөлөн байхад нөгөө нь согтуурч байна.

22. Та нарт идэх уух гэр орон байхгүй гэж үү? Эсвэл та нар Бурханы чуулганыг басамжлан, хоосон нэгнийгээ ичээх гэдэг юм уу? Та нарт би юу гэж хэлэх вэ? Та нарыг би магтах уу? Үүний чинь төлөө би та нарыг магтахгүй.

23. Учир нь Эзэнээс юу авсныгаа та нарт би дамжуулж өгсөн. Чухамхүү Түүний баригдсан тэр шөнө Эзэн Есүс талх аваад,

24. талархлаа өргөж, хуваагаад “Энэ бол та нарын төлөөх Миний бие мөн. Намайг дурсан үүнийг үйлд” гэв.

25. Тэрчлэн зоогийн дараа мөн аяга авч “Энэ аяга бол Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ мөн. Үүнээс та нар уух болгондоо Намайг дурсан үүнийг үйлд” гэсэн юм.

26. Учир нь энэ талхыг идэж, энэ аяганаас уух бүрдээ та нар Түүнийг ирэх хүртэл Эзэний үхлийг тунхагладаг.

27. Тиймд хэн нэгэн хүн зохисгүйгээр Эзэний талхыг идэж, аяганаас уух аваас Эзэний бие ба цусны буруутан болно.

28. Харин хүн өөрийгөө шалгаж байгаад талхыг идэг, аяганаас ууг.

бүрэн бүлгийг уншина уу 1 Коринт 11