Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Коринт 1:9-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Бурхан бол итгэмжит. Та нар бол Түүгээр дамжуулан Түүний Хүү нь болох бидний Эзэн Есүс Христтэй нөхөрлөхөөр дуудагдсан юм.

10. Ах дүү нар аа, та нар бүгд адилхан юм ярьж, хоорондоо хагарал гаргахгүй байж, харин адил бодол, адил шүүлт дотор нягт нэгдэхийг бидний Эзэн Есүс Христийн нэрээр би та нараас хүсэмжлэн гуйя.

11. Учир нь ах дүүс минь ээ, та нарын дунд мэтгэлцээн байгааг би Хлоены гэрийнхнээс мэдсэн юм.

12. Та нараас хүн нэг бүр чинь “Би бол Паулынх”, “Би Аполынх”, “Би Кефийнх”, “Би Христийнх” гэдэг учир би үүнийг ярьж байна.

13. Христ хуваагдсан гэж үү? Паул та нарын төлөө цовдлогдсон гэж үү? Эсвэл та нар Паулын нэрээр баптисм хүртсэн юм уу?

14. Крисп, Гайос хоёроос гадна та нарын хэнд чинь ч би баптисм хүртээгээгүйдээ [Бурханд] талархдагийн учир нь

15. миний нэрээр баптисм хүртсэн гэж хэнийг ч хэлүүлэхгүй гэсэндээ юм.

16. Мөн Стефанагийн гэрийнхэнд баптисм хүртээсэн. Үүнээс өөр хэн нэгэнд баптисм хүртээсэн эсэхээ би мэдэхгүй.

17. Учир нь Христ намайг баптисм хүртээлгэхээр бус, харин сайн мэдээг тунхаглуулахаар илгээсэн юм. Христийн загалмайг дэмий хоосон зүйл болгохгүйн тулд сайн мэдээг тунхаглахдаа үгийн мэргэн цэцнийг хэрэглэдэггүй.

18. Загалмайн үг нь мөхөгсдийн хувьд мунхаг явдал боловч аврагдаж байгаа бидний хувьд Бурханы хүч мөн.

19. Учир нь“Би мэргэдийн мэргэн ухааныг устгана.Ухаантнуудын ухааныг Би хэрэгсэхгүй”гэж бичигдсэн байдаг.

20. Мэргэн хүн хаана байна? Хуулийн багш хаана байна? Энэ үеийн маргалдагч хаана байна? Бурхан энэ ертөнцийн мэргэн ухааныг мунхаг болгоогүй гэж үү?

21. Учир нь Бурханы мэргэн ухааны тухайд, ертөнц өөрийн мэргэн ухаанаар Бурханыг таньж мэдсэнгүй. Иймд тунхагласан мэдээний мунхаглалаар итгэгчдийг аврах нь Бурханд тааламжтай байсан юм.

22. Учир нь иудейчүүд нь тэмдгийг хүсдэг, грекчүүд нь мэргэн ухааныг хайдаг.

23. Гэвч бид цовдлогдсон Христийг тунхагладаг. Энэ нь иудейчүүдэд бүдрүүлэх саад, харь үндэстнүүдэд мунхаглал болдог агаад

24. харин дуудагдсан хүмүүст, иудейчүүд, грекчүүдийн хэн хэнд нь Христ бол Бурханы хүч хийгээд Бурханы мэргэн ухаан мөн.

25. Яагаад гэвэл Бурханы мунхаглал нь хүмүүсээс илүү ухаалаг, Бурханы мөхөс байдал нь хүмүүсээс илүү хүчирхэг юм.

26. Ах дүү нар аа, та нар дуудлагаа санагтун. Тэгэхэд махан биеийн талаас мэргэн хүн олон байгаагүй, хүчирхэг хүмүүс олон байгаагүй, язгууртнууд ч олон байгаагүй.

27. Харин Бурхан мэргэдийг ичээхийн тулд ертөнцийн мунхаг юмсыг сонгож, хүчит юмсыг ичээхийн тулд ертөнцийн мөхөс юмсыг сонгожээ.

бүрэн бүлгийг уншина уу 1 Коринт 1