Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Иохан 4:11-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Хайртууд минь, хэрэв Бурхан биднийг ийнхүү хайрласан бол бид ч бие биеэ хайрлах ёстой.

12. Хэн ч, хэзээ ч Бурханыг хараагүй. Хэрэв бид бие биеэ хайрлавал, Бурхан бидний дотор байж, Түүний хайр бидний дотор бүрэн төгс болно.

13. Тэр Өөрийнхөө Сүнсийг бидэнд өгсөн учир бид Түүний дотор, Тэр бидний дотор буйг бид үүгээр мэднэ.

14. Эцэг нь Хүүгээ ертөнцийн Аврагч болгон илгээснийг бид үзсэн бөгөөд гэрчилж байна.

15. Есүс бол Бурханы Хүү гэж хүлээн зөвшөөрдөг хэний ч дотор Бурхан байж, тэр Бурханы дотор байна.

16. Бурханы биднийг хайрладаг хайрыг нь бид мэдэж, итгэдэг.Бурхан бол хайр мөн. Хайрын дотор байгч нэгэн нь Бурханы дотор байж, Бурхан түүний дотор байна.

17. Үүгээр шүүлтийн өдөрт биднийг зоригтой байлгахын тулд хайр нь бидний дунд төгс болов. Учир нь бид энэ ертөнцөд Түүн шиг байдаг.

18. Хайрын дотор айдас байдаггүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна. Учир нь айдаст ял байдаг. Айдаг нэгэн бол хайрын дотор төгс болгогдоогүй байна.

19. Эхлээд Тэр биднийг хайрласан тул бид хайрладаг юм.

20. Хэрэв хэн нэгэн нь “Би Бурханыг хайрладаг” гэж хэлчихээд, ах дүүгээ үзэн яддаг бол, тэр хүн худалч. Учир нь харж байгаа ах дүүгээ хайрладаггүй нэгэн, хараагүй Бурханыг хайрлаж чадахгүй шүү дээ.

21. Бурханыг хайрладаг нэгэн нь мөн ах дүүгээ хайрлах ёстой. Бид энэ тушаалыг Түүнээс авсан билээ.

бүрэн бүлгийг уншина уу 1 Иохан 4