Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Зехариа 14:10-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Гебагаас Иерусалимын өмнө орших Риммон хүртэлх бүх нутаг нь тал болон хувирах боловч Иерусалим өндийн, Бениамины Дааман Хаалганаас Нэгдүгээр Дааман Хаалганы газрын цаадах Булангийн Дааман Хаалга хүртэл, Хананелын Цамхгаас хааны усан үзмийн шахуурга хүртэлх байрлал дээрээ үлдэнэ.

11. Хүмүүс тэнд амьдарч, тэнд цаашид хараал байхгүй болж, Иерусалим нь аюулгүй орших болно.

12. Иерусалимын эсрэг дайнд мордох бүх ард түмнийг ЭЗЭНий цохих гай гамшиг нь энэ байх болно. Тэд хөл дээрээ зогсож байхад нь махан бие нь ялзарч, ухархайдаа нүднүүд нь бээж, амандаа хэл нь өмхийрнө.

13. Тэр өдөр тэдний дээр асар их үймээн сандрал ЭЗЭНээс буун ирнэ. Тэд нэг нэгнийгээ баривчлан, нэгийнх нь гар нөгөөгийнхөө гарын эсрэг өргөгдөнө.

14. Мөн Иуда ч Иерусалимд дайтна. Хүрээлэн буй бүх үндэстнүүдийн эд баялаг болох алт, мөнгө, хувцас хунар асар ихээрээ цуглана.

15. Мөн энэ гамшигтай адил гамшиг морь, луус, тэмээ, илжиг, бүх мал дээр бууж эдгээр хуарангуудад байх болно.

16. Иерусалимыг довтлохоор ирсэн бүх үндэстний үлдсэн хүн болгон нь жил бүр ирж, түмэн цэргийн ЭЗЭН болох Хаанд мөргөн, Майхан Баярыг тэмдэглэнэ.

17. Түмэн цэргийн ЭЗЭН болох Хаанд мөргөхөөр Иерусалимд ирдэггүй газар дэлхийн ямар ч гэр бүл дээр бороо хургүй байх болно.

18. Хэрэв Египетийн гэр ирэхгүй, орохгүй бол тэдний дээр бороо хур орохгүй юм. Майхан Баярыг тэмдэглэхээр ирдэггүй үндэстнүүдийг ЭЗЭНий цохих гамшиг нь энэ байх юм.

19. Майхан Баярыг тэмдэглэхээр ирдэггүй бүх үндэстний шийтгэл болон Египетийн шийтгэл нь энэ байх юм.

20. Тэр өдөр морьдын хонхнууд дээр “ЭЗЭНД АРИУН” гэж сийлэгдсэн байх болно. ЭЗЭНий өргөөн дэх хоолны тогоонууд нь тахилын ширээний өмнөх хулнууд мэт байна.

21. Иерусалим болон Иуда дахь хоолны тогоо бүр нь түмэн цэргийн ЭЗЭНд ариун байх болно. Бүх тахил өргөгчид ирж тэднийг аван, дотор нь чанана. Тэр өдөр түмэн цэргийн ЭЗЭНий өргөөнд канаанчууд цаашид байхаа болино.

бүрэн бүлгийг уншина уу Зехариа 14