Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 8:12-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Тэгээд левичүүд бухнуудын толгойн дээр гараа тавьсны дараа, левичүүдийн төлөө эвлэрүүллийг хийхийн тулд нэгийг нь нүглийн төлөөх тахил болгон, нөгөөг нь шатаалт тахил болгон ЭЗЭНд өргөгтүн.

13. Чи мөн левичүүдийг Аарон болон түүний хөвгүүдийн өмнө зогсоож тэднийг ЭЗЭНд даллах өргөл болгон авчир.

14. Ингэж чи левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас тусгаарлах ба левичүүд Минийх болно.

15. Үүний дараа левичүүд хурлын майханд үйлчлэлийг хийхээр орж болох болой. Харин чи тэднийг цэвэрлэн, тэднийг даллах өргөл болгон авчрах ёстой.

16. Учир нь тэд Израилийн хөвгүүдийн дундаас Надад бүхлээрээ өгөгдсөн болой. Умайг анх нээгч ууган бүрийн оронд, Израилийн бүх хөвгүүдийн ууган төрөгсдийн оронд Би тэднийг Өөртөө авсан.

17. Учир нь Израилийн хөвгүүдийн дундах хүн, малын доторх аливаа ууган төрөгсөд нь Минийх. Египетийн нутагт бүх ууган төрөгсдийг Би устгасан тэр өдөр Би тэднийг Өөртөө ариусгасан болой.

18. Харин Би Израилийн хөвгүүдийн дундах аливаа ууган төрөгсдийн оронд левичүүдийг авсан.

19. Хурлын майханд Израилийн хөвгүүдийн үйлчлэлийг гүйцэтгүүлэхээр, Израилийн хөвгүүдийн өмнөөс эвлэрүүллийг хийлгэхээр Би левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас аван, Аарон болон түүний хөвгүүдэд бэлэг болгон өгсөн болой. Ингэснээр Израилийн хөвгүүд ариун газарт ойртон очсоноос болж Израилийн хөвгүүдийн дунд гай гамшиг учрахгүй байх юм гэлээ.

20. Мосе, Аарон болон Израилийн хөвгүүдийн бүх чуулган левичүүдэд тийнхүү үйлдлээ. Левичүүдийн талаар ЭЗЭНий Мосед тушаасан бүхний дагуу Израилийн хөвгүүд тэдэнд тийнхүү хийв.

21. Левичүүд бас өөрсдийгөө нүглээс цэвэршүүлэн, хувцсаа угаажээ. Аарон тэднийг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон авчрав. Аарон тэднийг цэвэрлэхийн тулд тэдний төлөө эвлэрүүллийг хийлээ.

22. Үүний дараа Аарон болон түүний хөвгүүдийн өмнө хурлын майханд үйлчлэлээ хийхээр левичүүд дотогш оров. Левичүүдийн тухайд ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тэд үйлдэв.

23. ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

24. Энэ бол левичүүдэд хамаарах зүйл бөгөөд хорин тав болон түүнээс дээш насныхан хурлын майханд үйлчлэлийн ажлыг гүйцэтгэхээр орох ёстой.

25. Гэвч тавин нас хүрээд тэд үйлчлэлийн ажлаас чөлөөлөгдөх ба цаашид ажиллаж болохгүй.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 8