Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 4:14-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Тэд мөн түүн дээр өөрсдийн үйлчлэлдээ хэрэглэдэг, түүнтэй холбогдох бүх хэрэгслүүд болох бойпор, сэрээ, утгуур, хулнууд, тахилын ширээний бүх хэрэгслийг тавиад, дээгүүр нь далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээж, дамнуургуудыг нь шургуулна.

15. Аарон ба түүний хөвгүүд ариун юмс, ариун газрын бүх эдлэлийг бүтээж дуусахад, хуаран нүүх болсон үед тэдгээрийг авч явахаар Кохатын хөвгүүд ирэх ёстой. Ингэснээр тэд ариун юмсад хүрч, үхэхгүй байх юм. Эдгээр нь Кохатын хөвгүүдийн авч явах ёстой хурлын майхан дахь зүйлс юм.

16. Тахилч Аароны хүү Елеазарын хариуцлага бол гэрэлтүүлгийн тос, анхилуун утлага болон байнгын идээн өргөл, тослох тос, ариун газар болон түүний хэрэгслийн хамт бүх асар, түүний доторх бүхний хариуцлага юм гэв.

17. Тэгээд ЭЗЭН Мосе болон Ааронтай ярин, айлдахдаа—

18. Кохатчуудын ургуудын овгийг левичүүдийн дундаас тасрахыг бүү зөвшөөр.

19. Харин тэд хамгийн ариун юмсад хүрэх үедээ үхэхгүй, амьд байхын тулд үүнийг тэдэнд хий. Аарон болон түүний хөвгүүд дотогш орон, хүн тус бүрд өөрсдийнх нь ажил болон ачааг зааж өгөгтүн.

20. Харин тэд дотогш орж, ариун юмсыг хормын төдий ч харах ёсгүй бөгөөд эс бөгөөс тэд үхэх болой гэлээ.

21. Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

22. Мөн Гершоны хөвгүүдийн тооллогыг тэдний эцгүүдийнх нь бүлүүдээр нь, ургуудаар нь

23. гучин наснаас дээш тавин нас хүртэлх, хурлын майханд ажил хийхээр үйлчлэлд орох бүгдэд явуулан, чи тэднийг тоологтун.

24. Үйлчлэл болон зөөхөд гершончуудын ургуудын үйлчлэл нь энэ болой.

25. Тэд асар, хурлын майхны хөшгийг түүний бүрээсийн хамт, орой дээр нь байдаг далайн гахайн арьсан бүтээлэг, хурлын майхны үүдний дэлгэц,

26. хашааны хөшигнүүд ба асрын эргэн тойрон дахь уг хашааны хаалганы үүдэн дэх дэлгэц болон тахилын ширээ, тэдгээрийн оосрууд, тэдгээрт хэрэглэгдэх бүх хэрэгслүүдийг авч явна. Хийгдсэн байх ёстой бүхнийг тэд гүйцэтгэх ёстой болой.

27. Гершончуудын хөвгүүдийн бүх ачаа болон бүх ажил дахь тэдний бүх үйлчлэл нь Аарон болон түүний хөвгүүдийн тушаалаар гүйцэтгэгдэх ёстой. Та нар тэдэнд үүрэг болгон бүх ачааг нь зааж өгөгтүн.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 4