Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 35:15-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Эдгээр зургаан хот нь Израилийн хөвгүүд, харь хүн болон тэдний дунд буй түр суугчийн төлөө хоргодох газар болох ёстой. Хүнийг санамсаргүйгээр алсан аливаа хүн тийш зугтан очиж болно.

16. Гэвч хэрэв тэр түүнийг төмөр зүйлээр цохин унагаснаас болж тэр хүн нь үхсэн бол тэр нь алуурчин мөн. Алуурчин заавал үхэх ёстой.

17. Хэрэв хүн үхэж болохоор, гартаа барьсан чулуугаар тэр түүнийг цохин унагасан бөгөөд үр дүнд нь тэр хүн үхсэн аваас тэрээр алуурчин мөн. Алуурчин заавал үхэх ёстой.

18. Эсвэл хэрэв хүн үхэж болохоор, гартаа барьсан модон зүйлээр тэр түүнийг цохисон бөгөөд үр дүнд нь тэр хүн үхсэн аваас тэрээр алуурчин мөн. Алуурчин заавал үхэх ёстой.

19. Цусан өшөө авагч нь өөрөө уг алуурчныг алах ёстой. Тэр түүнтэй учрах үедээ түүнийг алах болно.

20. Хэрэв тэр үзэн ядсанаас болж түүнийг түлхэх, эсвэл отож байгаад аливаа зүйлийг түүн уруу шидэх ба үр дүнд нь тэр хүн үхсэн бол,

21. эсвэл хэрэв тэр өс хонзон санаж, өөрийн гараар түүнийг цохин унагасан бөгөөд үр дүнд нь тэр хүн үхсэн бол түүнийг цохисон тэр нэгэн заавал үхэх ёстой. Тэр бол алуурчин мөн. Цусан өшөө авагч нь алуурчинтай учрах үедээ түүнийг алах ёстой.

22. Харин хэрэв тэр түүнийг өс хонзон саналгүйгээр гэнэт түлхсэн аваас, эсвэл отоогүй байгаад аливаа зүйлийг түүн уруу шидсэн бол,

23. эсвэл түүнийг харалгүй дээрээс нь, үхүүлж болохоор чулуун зүйлийг унагаснаас болж тэр хүн үхсэн бол, тэр түүний дайсан байгаагүй, түүнийг гэмтээх гээгүй учраас

24. цуглаан нь алуурчин болон цусан өшөө авагчийн хоорондохыг эдгээр тогтоолуудын дагуу шүүх ёстой.

25. Алуурчныг цусан өшөө авагчийн гараас цуглаан аварч, зугтан очсон хоргодох хотод нь түүнийг буцаах ёстой. Ариун тосоор тослогдсон тэргүүн тахилчийг нас бартал тэр хүн тэнд амьдрах ажгуу.

26. Харин хэрэв алуурчин нь нэгэн цагт өөрийн зугтан очих хоргодох хотынхоо хилээс гадагш гаран,

27. цусан өшөө авагч нь түүний хоргодох хотын хилийн гадна түүнийг олоод, цусан өшөө авагч нь алуурчныг албал тэрээр цусны буруутан болохгүй.

28. Учир нь тэргүүн тахилчийг нас бартал тэр хоргодох хотдоо үлдэх ёстой байв. Харин тэргүүн тахилчийг нас барсны дараа алуурчин нь эзэмшсэн нутаг уруугаа буцах болно.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 35