Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 32:11-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. “Египетээс гарч ирсэн хорь ба түүнээс дээш насны нэг ч хүн, Абрахам, Исаак, Иаковд Миний амласан тэр нутгийг харахгүй. Учир нь тэд Намайг бүрэн дагаагүй.

12. Харин кениз хүн Иефуннегийн хүү Калеб, Нуны хүү Иошуа нар л харах болно. Учир нь тэд ЭЗЭНийг бүрэн дагасан” хэмээсэн.

13. Тийнхүү ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, ЭЗЭНий мэлмийд мууг үйлдсэн хүмүүсийн бүхэл бүтэн үе устах хүртэл Тэр тэднийг цөлд дөчин жил тэнүүчлүүлсэн билээ.

14. Одоо харагтун, нүгэлт хүмүүсийн зулзаганууд, та нар Израилийн эсрэг ЭЗЭНий шатаж буй уур хилэнг улам нэмэхээр эцгүүдийнхээ байранд бослоо.

15. Хэрэв та нар Түүнийг дагахаас няцан эргэх аваас Тэр дахин нэг удаа тэднийг цөл газарт хаян орхих бөгөөд та нар энэ бүх ард олныг устгах болно гэлээ.

16. Дараа нь тэд түүн уруу ойртон ирж,—Бид энд мал сүрэгтээ зориулан хонины хашаа хороог, багачууддаа зориулж хотуудыг барьж босгох болно.

17. Харин уг нутгийн оршин суугчдаас болж манай багачууд бэхлэгдсэн хотуудад амьдарч байх зуур Израилийн хөвгүүдийг нутагт нь аваачих үе хүртэл бид зэвсэглээд Израилийн хөвгүүдийн өмнө явахад бэлэн байх болно.

18. Израилийн хөвгүүдийн хүн нэг бүр өөрийн өвийг эзэмштэл бид өөрсдийн гэр орон уруу буцахгүй.

19. Иорданы нөгөө талд тэдэнтэй хамт бидэнд өв байхгүй. Учир нь зүүн зүг уруу Иорданы энэ талд бидэнд өөрсдийн маань өв ирсэн билээ гэв.

20. Тиймээс Мосе тэдэнд—Хэрэв та нар үүнийг хийн, дайнд явахаар ЭЗЭНий өмнө өөрсдийгөө зэвсэглэж,

21. Түүнийг Өөрийн дайснуудаа өмнөөсөө хөөн зайлуулах хүртэл танай бүх зэвсэглэсэн эрчүүд ЭЗЭНий өмнө Иорданыг гатлан явж,

22. тэр нутаг ЭЗЭНий өмнө дийлэгдэх аваас, үүний дараа та нар буцах бөгөөд ЭЗЭНий өмнө болон Израилийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөх болно. Энэ нутаг ЭЗЭНий өмнө та нарын эзэмшил болох юм.

23. Гэвч хэрэв та нар ингэхгүй аваас, харагтун, та нар ЭЗЭНий өмнө нүгэл үйлдсэн бөгөөд нүгэл чинь та нарыг олох болно гэдгийг сайн мэдтүгэй.

24. Багачууддаа зориулан хотуудыг, хониндоо зориулж хашаа хороог өөрсдөө барьж босгон, амласан зүйлээ хийгтүн гэлээ.

25. Гадын хөвгүүд, Реубений хөвгүүд Мосетэй ярин,—Боолууд тань эзнийхээ тушаасан ёсоор хийх болно.

26. Бидний багачууд, бидний эхнэрүүд, бидний мал сүрэг болон бидний бүх үхэр сүрэг энд Гилеадын хотуудад үлдэх болой.

27. Тэр зуур таны боолууд, дайнд зэвсэглэсэн хүн бүр эзнийхээ хэлсэн ёсоор тулалдахаар ЭЗЭНий оршихуйд гатлан явах болно гэлээ.

28. Тиймээс Мосе тэдний талаарх тушаалыг тахилч Елеазар, Нуны хүү Иошуа ба Израилийн хөвгүүдийн овгуудын эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчдэд өгөв.

29. Мосе тэдэнд—Хэрэв Гадын хөвгүүд, Реубений хөвгүүд буюу тулаанд зэвсэглэсэн хүн бүр нь ЭЗЭНий оршихуйд та нартай хамт Иорданыг гатлаад уг нутаг нь та нарын өмнө дийлэгдэх аваас, та нар тэдэнд Гилеадын нутгийг эзэмшил болгон өгөгтүн.

30. Харин хэрэв тэд зэвсэглэн та нартай хамт гатлахгүй бол тэд Канааны нутагт та нарын дунд эзэмшилтэй байх болно гэв.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 32