Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 22:7-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Тийнхүү Моабын ахмадууд, Мидианы ахмадууд гартаа төлөгчид өгөх шан хөлстэй явав. Тэд Балаам дээр ирээд, түүнд Балакийн үгийг дамжууллаа.

8. Тэр тэдэнд—Шөнийг эндээ өнгөрүүлэгтүн. ЭЗЭНий надад юу айлдахыг би та нарт хариу хэлье хэмээн өгүүлэв. Моабын удирдагчид Балаамтай хамт үлдэв.

9. Дараа нь Бурхан Балаам дээр ирж—Чамтай хамт байгаа эдгээр хүмүүс хэн бэ? хэмээв.

10. Балаам Бурханд—Моабын хаан, Зиппорын хүү Балак надад үг илгээн

11. “Египетээс гарч ирсэн ард олныг харагтун. Тэд газрын гадаргууг бүрхэв. Одоо ирж, миний төлөө тэднийг хараагтун. Тэгвэл би тэдний эсрэг дайтаж, тэднийг хөөн гаргах чадвартай болж магадгүй” гэж хэлүүлсэн гэв.

12. Бурхан Балаамд—Тэдэнтэй хамт бүү явагтун. Тэр ард түмэн ерөөгдсөн учир чи тэднийг харааж болохгүй хэмээлээ.

13. Тийнхүү өглөө нь Балаам босож Балакийн удирдагчдад—Намайг та нартай явахыг ЭЗЭН татгалзсан тул нутаг уруугаа буцан явцгаа гэв.

14. Моабын удирдагчид босож Балак уруу очин, түүнд—Балаам бидэнтэй хамт ирэхээс татгалзав хэмээн хэлэв.

15. Дараа нь Балак урьдынхаасаа илүү олон, илүү нэр хүндтэй удирдагчдыг дахин илгээв.

16. Тэд Балаам уруу ирээд, түүнд—Зиппорын хүү Балак ийнхүү хэлж байна. “Танаас би гуйя. Над уруу ирэхэд танд юу ч бүү саад болог.

17. Учир нь би таныг үнэхээр их хүндэтгэж, таны надад хэлсэн болгоныг би хийх болно. Тэгэхээр ирээч, миний төлөө энэ ард түмнийг хараагаач” гэв.

18. Балаам Балакийн зарц нарт хариулан—Балак надад алт мөнгөөр дүүрэн өөрийн гэрийг өгсөн ч гэсэн би өөрийн Бурхан ЭЗЭНий тушаалтай зөрчилдөх их ч бай, бага ч бай ямар ч зүйлийг хийж чадахгүй.

19. Одоо харин та нар мөн өнөө шөнө эндээ үлдэгтүн. ЭЗЭН надад өөр юу айлдахыг нь би мэдье гэлээ.

20. Шөнө нь Бурхан Балаам уруу ирж, түүнд—Хэрэв эдгээр хүмүүс чамайг дуудахаар ирсэн аваас, босож тэдэнтэй хамт явагтун. Харин зөвхөн Миний чамд айлдах үгийг л чи хийх ёстой хэмээв.

21. Тиймээс Балаам өглөө босож, өөрийн илжгээ унан, Моабын удирдагчидтай хамт явав.

22. Гэвч түүнийг явснаас болж Бурхан уурлав. ЭЗЭНий тэнгэр элч түүний эсрэг дайсан болон зам дээр зогслоо. Тэр илжгээ унан явж байсан бөгөөд хоёр зарц нь түүнтэй хамт байлаа.

23. ЭЗЭНий тэнгэр элч гартаа сугалсан илд барин зам дээр зогсож буйг илжиг хармагцаа замаас эргэж, тариан талбай уруу явав. Гэвч Балаам түүнийг зам уруу эргүүлж буцаахаар илжгийг цохив.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 22