Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 22:22-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Гэвч түүнийг явснаас болж Бурхан уурлав. ЭЗЭНий тэнгэр элч түүний эсрэг дайсан болон зам дээр зогслоо. Тэр илжгээ унан явж байсан бөгөөд хоёр зарц нь түүнтэй хамт байлаа.

23. ЭЗЭНий тэнгэр элч гартаа сугалсан илд барин зам дээр зогсож буйг илжиг хармагцаа замаас эргэж, тариан талбай уруу явав. Гэвч Балаам түүнийг зам уруу эргүүлж буцаахаар илжгийг цохив.

24. Тэгтэл ЭЗЭНий тэнгэр элч хоёр талдаа ханатай усан үзмийн талбайнуудын нарийхан зам дээр зогсов.

25. Илжиг нь ЭЗЭНий тэнгэр элчийг хараад, өөрийгөө хананд шахан, Балаамын хөлийг хананд шахав. Тиймээс тэр илжгийг дахин цохив.

26. ЭЗЭНий тэнгэр элч цааш яван, баруун тийш ч, зүүн тийш ч эргэхийн аргагүй нарийхан газар зогсов.

27. Илжиг ЭЗЭНий тэнгэр элчийг хараад, Балаамын доор хэвтэв. Тиймээс Балаам уурлаж саваагаараа илжгийг цохилоо.

28. ЭЗЭН илжигний амыг нээсэн бөгөөд илжиг Балаамд—Чи намайг ингэж гурван удаа цохихоор чамд би юуг хийв? гэв.

29. Тэгэхэд нь Балаам илжгэнд—Учир нь чи надаар тохуурхав. Хэрэв гарт минь илд байсансан бол би чамайг одоо алсан байхсан гэлээ.

30. Илжиг Балаамд—Өнөөдрийг хүртэл бүхэл амьдралынхаа туршид унаж яваа илжиг чинь би биш гэж үү? Би чамд тийм юмыг хийж заншсан байсан гэж үү? гэхэд тэр—Үгүй гэлээ.

31. Дараа нь ЭЗЭН Балаамын нүдийг нээхэд, ЭЗЭНий тэнгэр элч гартаа сугалсан илд барин зам дээр зогсож буйг тэр харлаа. Балаам газар хүртэл бөхийлөө.

32. ЭЗЭНий тэнгэр элч түүнд—Чи илжгээ юунд ийнхүү гурван удаа цохив? Харагтун, чиний зам надад сөрөг байсны учир би дайсан мэт гарч ирсэн.

33. Гэвч илжиг намайг хараад, гурван удаа надаас зайлсан. Хэрэв тэр надаас зайлаагүй бол Би гарцаагүй чамайг дор нь алж, түүнийг амьд үлдээх байсан гэв.

34. Балаам ЭЗЭНий тэнгэр элчид хандан—Таныг зам дээр миний эсрэг зогсож байсныг мэдээгүй учир би нүгэл үйлджээ. Тэгэхээр одоо хэрэв энэ нь танд таалагдахгүй байвал би буцах болно гэлээ.

35. Гэвч ЭЗЭНий тэнгэр элч Балаамд—Энэ хүмүүстэй хамт яв. Харин чи миний чамд хэлэх үгийг л зөвхөн яригтун гэв. Тиймээс Балаам нь Балакийн удирдагчидтай хамт явав.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 22