Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 18:19-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Израилийн хөвгүүдийн ЭЗЭНд өргөдөг, ариун бэлгүүдийн бүх өргөлүүдийг Би чамд болон чамтай хамт чиний хөвгүүд, охидод мөнхийн хувь болгон өгсөн. Энэ нь чамд болон чамтай хамт чиний үр удамд өгөх ЭЗЭНий өмнөх мөнхийн давсан гэрээ болой гэв.

20. Дараа нь ЭЗЭН Ааронд айлдсан нь—Чамд тэдний нутагт ямар ч өв байхгүй, тэдний дундаас ямар ч хувийг чи эзэмшихгүй. Израилийн хөвгүүдийн дунд Би чиний хувь, чиний өв билээ.

21. Харагтун, Левийн хөвгүүдэд Би Израиль дахь бүх арван хувийг өв болгон тэдний гүйцэтгэдэг үйлчлэл болох хурлын майхны үйлчлэлийн хариуд өгөв.

22. Израилийн хөвгүүд дахин хурлын майханд ойртох ёсгүй. Эс бөгөөс тэд нүглийг үүрэн үхэх болно.

23. Зөвхөн левичүүд хурлын майхны үйлчлэлийг гүйцэтгэж, өөрсдийн хууль бусыг үүрэх ёстой. Энэ нь үе удмыг чинь дамжин улиран үргэлжлэх тогтоол болох бөгөөд Израилийн хөвгүүдийн дунд тэд ямар ч өвгүй байх болно.

24. Учир нь Израилийн хөвгүүдийн өргөл болгон ЭЗЭНд өргөдөг тэдний арван хувийг Би левичүүдэд өв болгон өгсөн билээ. Тийм учраас Би тэдний тухайд “Израилийн хөвгүүдийн дунд тэдэнд ямар ч өв байхгүй болно” гэж айлдав хэмээв.

25. Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

26. Үүнээс гадна, чи левичүүдтэй ярьж, тэдэнд “Израилийн хөвгүүдээс та нарт өв болгон Миний өгөх арван хувийг та нар тэднээс авахдаа түүнээсээ буюу арван хувиас арван хувийг нь ЭЗЭНд өргөл болгон авчир.

27. Өргөл чинь үтрэмийн үр тариа, эсвэл дарсны торхны бүрэн бүтээгдэхүүн хэмээн та нарт тооцогдох болой.

28. Тийнхүү та нар Израилийн хөвгүүдээс хүлээн авсан өөрсдийн арван хувиасаа ЭЗЭНд өргөлийг бас авчрах болно. Түүнээсээ та нар тахилч Ааронд ЭЗЭНий өргөлийг өгөх ажгуу.

29. Өөрсдийн бүх бэлгээс, тэдгээрийн хамгийн сайнаас нь, тэдгээрийн ариун хэсгээс нь та нар ЭЗЭНд өгөх ёстой өргөл бүрийг авчир” хэмээн хэл.

30. Чи тэдэнд “Түүнээсээ та нар хамгийн сайныг нь өргөөд үлдсэн нь левичүүдэд үтрэмийн бүтээгдэхүүн мэт, дарсны торхны бүтээгдэхүүн мэт тооцогдох болой.

31. Та нар болон танай гэрийнхэн үүнийг хаана ч идэж болно. Учир нь энэ бол хурлын майхан дахь үйлчлэлийн чинь хариуд өгөх нөхөн төлбөр чинь билээ.

32. Та нар түүнээс хамгийн сайныг нь өргөсөн үед, үүний улмаас та нар ямар ч нүглийг үүрэхгүй болно. Харин та нар Израилийн хөвгүүдийн ариун бэлгүүдийг бузарлах ёсгүй. Эс бөгөөс та нар үхэх болно” гэж хэлэгтүн гэв.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 18