Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 16:24-42 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Чуулгантай ярин, тэдэнд “Кора, Датан ба Абирам нарын байгаа газрын эргэн тойрноос ухарцгаа” хэмээн хэл гэв.

25. Дараа нь Мосе босон, өөрийг нь дагаж буй Израилийн ахмадуудын хамт Датан, Абирам нар уруу яван,

26. чуулганд хандан хэлсэн нь—Эдгээр хорон муу хүмүүсийн майхнаас одоо холдон салж, тэдэнд харьяалагдах юунд ч бүү хүр. Эс бөгөөс та нар тэдний бүх нүгэлд устгагдах болно гэв.

27. Тиймээс тэд Кора, Датан ба Абирам нарын байгаа газрын эргэн тойрноос ухарцгаав. Датан, Абирам нар гарч ирэн, өөрсдийн эхнэрүүд, хөвгүүд болон багачуудынхаа хамт майхнуудынхаа үүдэнд зогсов.

28. Мосе—Эдгээр бүх үйлсийг хийлгэхээр ЭЗЭН намайг илгээснийг та нар үүгээр мэдэх болно. Учир нь энэ бол миний өөрийн хийж буй зүйл биш юм.

29. Хэрэв эдгээр хүмүүс бүх л хүний үхлээр үхэж, эсвэл бүх хүний хувь тавилангаар зовох аваас ЭЗЭН намайг илгээгээгүй болно.

30. Харин ЭЗЭН цоо шинэ зүйлийг авчирч, газар амаа нээж, тэднийг бүх зүйлсийнх нь хамт залгин, тэд амьдаараа Үхэгсдийн оронд очих аваас эдгээр хүмүүс ЭЗЭНийг басамжилсныг та нар ойлгох болно гэв.

31. Тэрээр энэ бүх үгсийг хэлж дуустал, тэдний доорх газар хагаран цуурч,

32. газар амаа нээн, тэднийг болон гэрийнхнийг нь, мөн Корад хамаатай бүх хүнийг эд хөрөнгөтэй нь хамт залгилаа.

33. Тийнхүү тэд болон тэдэнд харьяалагдах бүхэн Үхэгсдийн орон уруу амьдаараа доош явав. Газар тэдний дээр хаагдаж, тэд чуулганы дундаас мөхөв.

34. Тэдний эргэн тойронд байсан бүх Израиль тэдний хашхирах дуунаас болж зугтжээ. Учир нь тэд—Газар биднийг залгиж болзошгүй гэцгээж байв.

35. Бас ЭЗЭНээс гал гарч ирэн, утлагыг өргөж байсан хоёр зуун тавин хүнийг шатаав.

36. Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

37. Тахилч Аароны хүү Елеазарт хандан, бойпорууд нь ариун учраас тэдгээрийг авч, шатаж буй нүүрсийг нь тараан цац хэмээн хэл.

38. Өөрсдийн амийн үнээр нүгэл үйлдсэн тэдгээр хүмүүсийн бойпоруудын хувьд гэвэл, тэд тэдгээрийг ЭЗЭНий өмнө авчирсан бөгөөд тэдгээр нь ариун учраас тэдгээрийг тахилын ширээг бүрэхэд зориулан давтсан ялтас болгогтун. Тэдгээр нь Израилийн хөвгүүдэд тэмдэг болж байг гэлээ.

39. Тиймээс шатаагдсан хүмүүсийн утлага өргөж байсан хүрэл бойпоруудыг тахилч Елеазар авав. Тэд тэдгээрийг тахилын ширээг бүрэх ялтас болгон давтсан нь

40. ЭЗЭН Мосегээр дамжуулан түүнд айлдсаны дагуу Кора болон түүний нөхөдтэй адил болохгүйн тулд Аароны удмын биш ямар ч жирийн хүн ЭЗЭНий өмнө утлагыг шатаахаар ойртон очих ёсгүйг Израилийн хөвгүүдэд сануулга болгохын тулд билээ.

41. Гэтэл дараагийн өдөр нь Израилийн хөвгүүдийн бүх чуулган Мосе, Аарон нарын эсрэг гомдоллон—ЭЗЭНий ард түмнийг үхэлд хүргэсэн хүмүүс бол та нар юм гэв.

42. Харин чуулган Мосе, Аарон нарын эсрэг цуглаж, хурлын майхан уруу эргэтэл, харагтун, майхныг үүл бүрхэж, ЭЗЭНий цог жавхлан үзэгдэв.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 16