Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 11:7-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Манна нь кориандрын үртэй адил бөгөөд бделлиум адил төрхтэй байв.

8. Ард түмэн эргэн тойронд яван, түүнийг түүж, тээрмийн хоёр чулууны хооронд хийж нунтаглан, эсвэл ууранд нүдээд, тогоонд буцалган түүгээр боов хийдэг байв. Түүний амт нь тостой жигнэсэн боовны амттай адил байлаа.

9. Шөнөөр хуаранд шүүдэр унахад манна түүнтэй хамт унадаг байлаа.

10. Ард олон өөрсдийн ургууд даяар, хүн бүр майхныхаа үүдэнд уйлан байхыг Мосе сонсов. ЭЗЭНий уур хилэн ихэд дүрэлзэн байсан ба Мосед таалагдахгүй байлаа.

11. Тийнхүү Мосе ЭЗЭНд хандан—Та Өөрийн зарцдаа юунд ийм хатуу хандсан бэ? Яагаад би Таны мэлмийд тааллыг эс олон, юунд Та энэ бүх ард түмний ачааг над дээр тохсон юм бэ?

12. Энэ бүх ард түмнийг олж тээсэн нэгэн нь би байсан гэж үү? Та надад “Хөхүүл нялх хүүхдийг асрах хүн мэт тэднийг өөрийн цээжиндээ тэвэрч, өвөг дээдэст нь Таны амласан газар уруу авч явагтун” хэмээн хэлэхээр тэднийг төрүүлсэн нэгэн нь би байсан гэж үү?

13. Энэ бүх ард түмэнд өгөх махыг би хаанаас олох вэ?” Бидэнд идэх мах өгөөч” хэмээн тэд миний өмнө уйлж байна.

14. Би ганцаараа энэ бүх ард түмнийг авч явах чадваргүй юм. Учир нь надад энэ хэт хүнд байна.

15. Тиймээс хэрэв Та надад ингэж хандах гэж байгаа бол, хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон бол намайг нэгмөсөн алаач. Мууг минь бүү үзүүлээч гэлээ.

16. Тиймээс ЭЗЭН Мосед—Ард түмний ахмадууд болоод тэдний тэргүүлэгчид хэмээн чиний мэддэг, Израилийн ахмадуудаас далан хүнийг Миний төлөө цуглуулан, тэднийг хурлын майхан уруу авчирч, тэнд өөртэйгөө хамт зогсоо.

17. Дараа нь Би доош буун ирж, тэнд чамтай ярих болно. Чиний дээр буй Сүнсийг Би аван, тэдний дээр тавих болно. Тэд ард түмний ачааг чамтай хамт үүрэлцэх болой. Ингэснээр чи үүнийг ганцаараа үүрэхгүй болно.

18. Ард олонд хандан “Маргаашийн төлөө өөрсдийгөө ариусга. Та нар мах идэх болно. Учир нь та нар ЭЗЭНий чихэнд уйлан «Хэн нэгэн бидэнд идэх махыг өгөөсэй! Бид Египетэд сайхан байсан» гэж байсан. Тиймээс ЭЗЭН та нарт мах өгнө. Та нар идэх болно.

19. Та нар нэг өдөр ч биш, хоёр өдөр ч биш, таван өдөр ч биш, арван өдөр ч биш, хорин өдөр ч биш,

20. харин хамрын чинь нүхээр цухуйх хүртэл, зэвүүн муухай санагдах хүртлээ бүтэн сар үүнийг идэх болно. Учир нь өөрсдийн чинь дунд буй ЭЗЭНийг та нар эсэргүүцэж, Түүний өмнө уйлан «Бид ер нь юунд Египетийг орхив?» хэмээсэн” гэж хэл гэв.

21. Харин Мосе—Миний дунд нь буй ард түмэн зургаан зуун мянган явган хүнтэй атал “Би тэдэнд бүтэн сар идэх махыг өгөх болно” хэмээн Та айлдав.

22. Тэдэнд хангалттай байхаар тэдний төлөө хонин сүрэг болон үхэр сүрэг нядлах болж байна уу? Эсвэл тэдэнд хангалттай байхаар тэдний төлөө далайн бүх загас хамтдаа цуглуулагдах болж байна уу? гэв.

23. ЭЗЭН Мосед хандан—ЭЗЭНий хүч хязгаартай юу? Миний үг чамд биелэх үү, үгүй юу гэдгийг одоо чи үзэх болно гэж айлдав.

24. Тийнхүү Мосе гарч, ард олонд ЭЗЭНий үгсийг хэлэв. Мөн тэрээр ард олны ахмадуудын далан хүнийг цуглуулаад, майхныг тойруулан зогсоов.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 11