Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 9:35-49 Ариун Библи, 2004 (АБ2004)

35. Ебедийн хөвгүүн Гаал гарч ирэн, хотын хаалганы үүдэн дээр зогсов. Абимелех өөрийнхөө хүмүүсийн хамт нуувчаасаа босоцгоолоо.

36. Гаал тэр хүмүүсийг хараад, Зебулд—Хараач, уулсын оройгоос хүмүүс буун ирж байна гэсэнд Зебул түүнд—Чи уулсын сүүдрийг хүн гэж харж л дээ гэв.

37. Гаал дахин—Үзэгтүн, хүмүүс энэ газрын хамгийн өндөрлөг газраас бууж ирж байна. Бас нэг анги царс модны хавиас ирж байна гэв.

38. Зебул түүнд—Чиний “Абимелех гэгч хэн юм бэ? Юуны учир бид түүнд зарагдах ёстой вэ?” хэмээн өгүүлсэн бардамнал одоо хаачсан бэ? Чиний басамжилсан хүмүүс чинь эд биш үү? Одоо гарч очоод, тэдэнтэй тулалдагтун гэв.

39. Тэгэхэд Гаал Шехемийн удирдагчдын түрүүнд гарч яван, Абимелехтэй тулалдлаа.

40. Абимелех давшин, Гаал ухрав. Хотын хаалганы үүд хүртэл олон хүн эрсдэн унав.

41. Дараа нь Абимелех Арумад үлдэж, харин Зебул Гаалыг ах дүүсийнх нь хамт хөөн зайлуулж тэднийг Шехемд суулгасангүй.

42. Дараагийн өдөр нь ардууд талд гарч ирснийг Абимелехт мэдэгдэв.

43. Тэр өөрийн хүмүүсээ авч, гурван ангид хуваагаад, талд нуугдан хүлээв. Тэгээд ардуудыг хотоос гарч ирэхийг хармагц довтолж, тэднийг хүйс тэмтэрлээ.

44. Дараа нь Абимелех ба түүнтэй хамт байсан нэг анги нь урагшаа довтолж, хотын хаалган дээр зогсов. Нөгөө хоёр анги нь талд байсан ард уруу довтолж, тэднийг устгажээ.

45. Абимелех тэр хотын эсрэг өдөржингөө тулалдсаар түүнийг эзлэн авч, тэнд байсан хүмүүсийг устгав. Дараа нь хотыг газартай нь тэгшлэн, дээр нь давс цацав.

46. Шехемийн цамхгийн хамаг ахлагчид үүнийг сонсоод, Ел-беритийн дуганы доод хонгилд орцгоов.

47. Шехемийн цамхгийн хамаг ахлагчид бүгдээрээ цугларсныг Абимелехт дуулгасанд

48. Абимелех өөрийн хамт байсан хүмүүстэйгээ Залмон Ууланд гарав. Абимелех гартаа сүх барьж, модны мөчир цавчин авч, түүнийгээ өргөн мөрөн дээрээ тавив. Тэгээд хамт байсан хүмүүстээ—Миний юу хийхийг харсны дагуу та нар ч хурдан тэгж хийгтүн гэж тушаав.

49. Бүх ардууд ч мөн нэг нэг мөчир цавчин, Абимелехийг даган явж, тэдгээрийг доод хонгилын дээр тавьж, дотор нь байгсдын дээр гал асаан доод хонгилыг шатаав. Шехемийн цамхгийн бүх хүмүүс, мянга гаруй эрэгтэй, эмэгтэй хүн үхэцгээв.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 9