Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 9:18-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Харин та нар өнөөдөр миний эцгийн гэрийн эсрэг босож, түүний хөвгүүд болох далан хүнийг нэг чулуун дээр алж, та нарын садан төрлийн хүн учир шивэгчний хөвгүүн Абимелехийг Шехемийн хүмүүсийн хаан болгов.

19. Хэрэв та нар энэ өдөр Иеруббаал болон түүний гэрт үнэн ба чин сэтгэлээс хандсан аваас, та нар Абимелехийг баярлуул, тэр ч бас та нарыг баярлуулаг.

20. Харин тийм бус аваас, Абимелехээс гал гарч, Шехемийн болон Бет-миллогийн хүмүүсийг галдан шатааг. Бас Шехем болон Бет-миллогийн хүмүүсээс гал гарч, Абимелехийг галдан шатааг гэв.

21. Тэгээд Иотам оргон зайлж, Беерт ирээд, өөрийн ах Абимелехээс болж тэнд суув.

22. Абимелех гурван жил Израилийг захирчээ.

23. Дараа нь Бурхан Абимелех болон Шехемийн хүмүүсийн хооронд муу сүнсийг илгээсэнд Шехемийн хүмүүс Абимелехээс урвав.

24. Энэ нь Иеруббаалын далан хүүд үйлдсэн хэрцгийлэл болон тэдний цус ах дүүгээ алсан Абимелех дээр болон энэ гэмт явдалд Абимелехийг зоригжуулсан Шехемийнхний дээр тэдний цусыг эргэн буулгахын тулд болой.

25. Шехемийн хүмүүс уулсын оройд Абимелехийг отон сууж, замын дагуу хажуугаар нь өнгөрсөн бүх хүнийг дээрэмдэж байв. Удалгүй энэ хэрэг Абимелехт дуулдав.

26. Ебедийн хөвгүүн Гаал ах дүүсийнхээ хамт Шехемд нүүн ирж, Шехемийн хүмүүс түүнд найдвар тавих болов.

27. Тэд талбайд гарч, өөрсдийн усан үзмээ хураан шахаж, баяр наадам хийв. Тэд өөрсдийн бурхны дуганд ороод, идэж уун Абимелехийг хараацгаав.

28. Тэр үед Ебедийн хөвгүүн Гаал—Абимелех гэгч хэн бэ? Шехем гэгч хэн бэ? Юуны учир бид түүнд зарагдах ёстой вэ? Абимелех Иеруббаалын хөвгүүн ба Зебул Абимелехийн түшмэл биш үү? Шехемийн эцэг Хаморын эрчүүдэд үйлчил. Харин яагаад бид Абимелехт зарагдах ёстой юм бэ?

29. Энэ ард түмэн миний эрхэн дор байсан ч болоосой! Тэгвэл би Абимелехийг хөөн зайлуулахсан хэмээн агсраад, Абимелехт—Цэргийн хүчээ нэмэн, хүрч ирэгтүн хэмээн хэлүүлэв.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 9