Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 6:3-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Израиль тариа тарих үед мидианчууд амалекчуудтай болон дорнын хөвгүүдтэй хамтран тэдний эсрэг довтолдог байв.

4. Тэгээд тэдний эсрэг бэхлэн сууж, Газ хүрэх замын дагуух газрын үр жимсийг талхалж, израильчуудад хонь, үхэр, илжиг, амьд амьтан үлдээдэггүй байв.

5. Учир нь тэд өөрсдийн мал сүрэг болон майхантайгаа ирдэг байв. Тэд болон тэдний тэмээнүүд нь царцааны нүүдэл мэт тоолшгүй ихээрээ ирдэг байлаа. Тэд газар нутгийг хоосруулахын тулд орж ирсэн билээ.

6. Мидианаас болж Израиль ихэд доройтон, израильчууд ЭЗЭН уруу уйлан хашхирав.

7. Мидианаас болж Израилийн хөвгүүд ЭЗЭНээс хашхирч гуйхад,

8. ЭЗЭН Израилийн хөвгүүдэд нэгэн эш үзүүлэгчийг илгээв. Эш үзүүлэгч тэдэнд хандан—Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарыг Египетээс гаргаж, та нарыг боолчлолын гэрээс авчирсан нь Би юм.

9. Би та нарыг египетчүүдийн гараас болон та нарыг дарлагч бүгдийн гараас авран гаргаж, тэднийг та нарын өмнөөс зайлуулж, газар нутгийг нь та нарт өгсөн.

10. Би та нарт «Би бол та нарын Бурхан ЭЗЭН мөн. Та нарын амьдарч байгаа нутгийн аморичуудын бурхдаас бүү эмээ. Харин та нар Намайг дагасангүй» гэж айлдсан” гэсэн.

11. ЭЗЭНий тэнгэр элч ирж, Абиезри хүн Иоашт харьяалагдах Офрад байдаг царс модон доор суув. Тэр үед Иоашийн хөвгүүн Гидеон мидианчуудаас нуун авч үлдэхийн тулд улаан буудайгаа усан үзмийн шахуурга дотор цайруулж байв.

12. ЭЗЭНий тэнгэр элч түүнд үзэгдэн—Эрэмгий дайчин минь, ЭЗЭН чамтай хамт байна гэсэнд

13. Гидеон хариулан—Эзэнтэн минь, хэрэв ЭЗЭН бидэнтэй хамт байдаг юм бол яагаад энэ бүгд бидэнд тохиолдоно вэ? Бидний өвөг дээдэс “ЭЗЭН биднийг Египетээс авчирсан шүү” хэмээн бидэнд хуучилсан Түүний тэр бүх гайхамшгууд нь хаана байна вэ? Харин одоо ЭЗЭН биднийг орхиж, Мидианы гарт өгчээ гэхэд

14. ЭЗЭН түүнд хандан,—Чи өөрийн хүчээр явж, Израилийг Мидианы гараас аврагтун. Би чамайг илгээж байгаа бус уу? гэв.

15. Гидеон Түүнд—Эзэн минь, би хэрхэн Израилийг аварч чадах вэ? Үзэгтүн, манай бүл Манассегийн дотроос хамгийн дорой нь, мөн би эцгийнхээ гэрт хамгийн бага нь шүү дээ гэсэнд,

16. ЭЗЭН түүнд—Би үнэхээр чамтай хамт байх болно. Ганц хүнийг цохиж алах мэт чи Мидианыг дийлнэ гэв.

17. Иймд Гидеон—Хэрэв би Таны мэлмийд таалал олсон бол надтай ярилцаж буй нь Та мөн гэсэн тэмдгийг надад харуулаач.

18. Би өргөлөө авч, Тань уруу буцаж ирэн Таны өмнө тавих хүртэл эндээс битгий яваач гэхэд ЭЗЭН—Чамайг буцаж иртэл хүлээе гэж айлдав.

19. Гидеон явж, нэгэн ишиг төхөөрч, нэг ефа гурилаар исгээгүй талх хийж, махыг нь сагсан дотор, шөлийг нь тогоонд хийж, царс модны доор байгаа тэнгэр элчид тэдгээрийг авч ирэн түүнд өргөв.

20. Бурханы тэнгэр элч Гидеонд—Мах болон исгээгүй талхыг авч, энэ хадан дээр тавиад, шөлийг дээрээс нь асга гэв. Тэр тийн үйлдэв.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 6