Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Шүүгчид 6:25-39 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Тэр шөнө ЭЗЭН Гидеонд айлдан—Чи эцгийнхээ бухыг, долоон настай өөр бухны хамт авч, Баалд зориулсан эцгийнхээ тахилын ширээг нураан хаяж, дэргэд нь байх Ашерагийн баганыг тайрч унага.

26. Энэ өндөрлөгийн оройд чи өөрийн Бурхан ЭЗЭНд зориулан тахилын ширээг зөв аргаар босгогтун. Тайрч унагасан Ашерагийн баганын модыг ашиглан хоёр дахь бухаар шатаалт тахилыг өргөгтүн гэв.

27. Гидеон өөрийн зарц нарын дундаас арван эрийг авч, ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдэв. Тэрээр эцгийн гэрийнхэн болон хотын хүмүүсээс ихэд эмээж байсан тул үүнийг өдөр хийлгүй, шөнөөр үйлдэв.

28. Хотын хүмүүс дараа өглөө нь эртлэн босоод харсанд, Баалын тахилын ширээг нурааж хаясан, дэргэд нь байсан Ашерагийн баганыг тайрч унагаад, шинээр босгосон тахилын ширээн дээр хоёр дахь бухаар тахил өргөсөн байв.

29. Тэд хоорондоо—Хэн үүнийг үйлдэв? хэмээн асууж шалгаан—Иоашийн хөвгүүн Гидеон үүнийг үйлдсэн гэлцэв.

30. Хотын хүмүүс Иоашт—Хүүгээ гаргаад ир. Тэр Баалын тахилын ширээг эвдлэн, дэргэд нь байсан Ашерагийн баганыг тайрч унагасан тул үхэх ёстой хэмээн шаардсанд

31. Иоаш өөрийнх нь эсрэг зогсоцгоож буй бүгдэд хандан—Та нар Баалын төлөө тэмцэх үү, эсвэл түүнийг аваръя гэж байна уу? Баалын төлөө тэмцэгч нь өглөө гэхэд алагдах болно. Хэрэв Баал бурхан л юм бол хэн нэгэн түүний тахилын ширээг нураасан тул өөрийнхөө төлөө өөрөө тэмцэг гэв.

32. Баалын тахилын ширээг нураасан тул тэр өдөр Гидеонд “Баал түүнтэй өөрөө тэмцэг” гэсэн утгатай “Иеруббаал” гэдэг нэрийг өгөв.

33. Дараа нь бүх мидианчууд, амалекчууд болон дорнын хөвгүүд нэгдэн, Иордан голыг гаталж, Иезреелийн талд хуарагнан буув.

34. ЭЗЭНий Сүнс Гидеон дээр буув. Тэр эвэр бүрээ үлээхэд түүнийг дагахаар абиезричууд цуглав.

35. Гидеон Манассе даяар элч нарыг илгээсэнд тэд ч гэсэн түүнийг дагахаар ирцгээв. Тэр бас Ашер, Зебулун болон Нафтали уруу элч нарыг илгээсэнд тэд ирж тэдэнтэй нэгдэв.

36. Ингээд Гидеон Бурханд хандан—Хэрэв Та айлдсан ёсоороо надаар дамжуулан Израилийг аврах гэж байгаа бол,

37. би одоо хэсэг ноосыг үтрэмийн шалан дээр тавина. Хэрэв зөвхөн тэр ноосон дээр л шүүдэр бууж, хамаг газар хуурай байвал, Та амласан ёсоор надаар дамжуулан Израилийг аврах болно гэдгийг чинь би мэдье гэв.

38. Тийнхүү тэр ёсоор болов. Гидеон маргааш өглөө нь эртлэн босоод, нөгөө ноосоо мушгин шүүдрийг нь шавхарсанд, нэг аяга ус гаргав.

39. Тэгэхэд Гидеон Бурханд—Би дахин нэг ярихад Миний эсрэг Та бүү хилэгнээрэй. Энэ ноосоор дахин нэг удаа шалгахыг зөвшөөрөөч. Одоо зөвхөн ноосыг хуурай байлгаж, эргэн тойронд нь шүүдэр буулгаж өгөөч гэв.

бүрэн бүлгийг уншина уу Шүүгчид 6